Баян-Өлгий аймгийн Алтай суманд малын халдварт өвчин гарсан нь батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс 5-р сарын 25-ны өдрийн 00:00 цагт шуурхай хуралдаж, хорио цээрийн хатуу дэглэм тогтоох шийдвэр гаргажээ. Тус шийдвэрийн хүрээнд Өлгий, Бугат, Алтай сумаас гарах, орох чиглэлийн авто замын хөдөлгөөнийг бүрэн хааж, халдварын тархалтыг хумих зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Мөн Баян-Өлгий аймгийн төв рүү бусад аймгийн зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан оруулахыг хориглолоо.
Мөн Алтай, Бугат сумын нутаг дэвсгэр болон бусад 6 чиглэлд байнгын хяналтын пост ажиллуулж байна. Постуудад онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж, ариутгал халдваргүйтгэлийг тасралтгүй зохион байгуулж байгаа талаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ. Мөн 5-р сарын 26-наас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж, тухайн бүс рүү орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.
Үүнээс гадна олон нийтийг хамарсан бүх төрлийн арга хэмжээ, уулзалт, баяр ёслол, спортын тэмцээн зохион байгуулахыг хориглосон байна. Албаныхны мэдээлснээр, өвчний голомтот бүсэд тандалт, хяналтыг эрчимжүүлж, малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хянаж байгаа аж. Халдварын хүрээг тогтоох, цаашдын эрсдэлийг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Тус аймгийн Онцгой комиссоос иргэд, малчдыг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг чанд мөрдөх, дур мэдэн сум хооронд зорчихгүй байх, худал ташаа мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа.
