Хархорин захаас Яармаг хүрэх дүүжин замын ган татлагыг холбож байна



Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны 3-р сарын 10-нд эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн байна.
Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг 5-р сараас хийж эхэлсэн бол одоогийн байдлаар ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбох ажил хийгдэж байгаа юм. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх аж. Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийгдэнэ. “Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Максимал” ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.
Дүүжин замын тээврийн 1 шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *