Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд хөнөөлт шавж хэр тархсаныг тандах судалгааг 5-р сарын 25-нд эхлүүлжээ. Ойн газраас эрх авсан мэргэжлийн байгууллага, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагч нар хамтран Богдхан уулын Хүүш, Зайсан, Ихтэнгэр, Багатэнгэр, Залаат, Хүрхрээ, Хүрэлтогоот, Чулуут, Төрхурах, Шажинхурахын аманд уг судалгааг хийж байна. Судалгаанд үндэслэн цаашид авах арга хэмжээг төлөвлөнө.
Хүр эрвээхэй бие гүйцээд нэг удаа 1250 орчим өндөг шахдаг. 1 мөчрөөс дунджаар 350 ш эрвээхий унадаг. Устгаж чадахгүй бол 1 жилийн дараа 3,5 сая болж үрждэг. Авгалдай нь хүүхэлдэй болж, тухайн жилдээ онд ороод, дараа жил цагаан эрвээхэй болдог.
Хөнөөлт шавжинд идэгдэж, амьдрах чадваргүй болсон мод ой, хээрийн түймэр гарах эх үүсвэр болохоос гадна хортон шавжны амьдрах орчин болдог гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа мэдээллээ.
