“3p edu festival-2026” амжилттай зохион байгуулагдлаа


Хүүхэд төвтэй боловсрол, бүтээлч сэтгэлгээ, хамтын хөгжлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Dreamy Teachers Academy” фестиваль боллоо.

Боловсролын ерөнхий газар, Dreamy сургууль, “Dreamy Teachers Academy” хамтран 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “3P EDU Festival” 2026 оны 05 дугаар сарын 25, 26-нд Улаанбаатар хотноо, Монголын хүүхдийн ордонд амжилттай өндөрлөлөө.

Энэхүү фестиваль нь төсөлд суурилсан, сурагч төвтэй сургалтын арга барилыг хэрэгжүүлсэн багуудын төслийн үр дүн, сайн туршлагыг хуваалцах, сурагчдын шүүн тунгаах, бүтээлч сэтгэлгээ, хамтран суралцах, харилцах болон илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой боловсролын хамтын ажиллагааны томоохон арга хэмжээ боллоо.

Хүүхэд төвтэй боловсрол, бүтээлч сэтгэлгээ, хамтын хөгжлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү фестивальд Бүгд найрамдах Солонгос улсын Дрими сургуулийн төлөөлөл болон нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын 18 сургуулийн 30 багийн нийт 200 гаруй оролцогч хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээ танилцуулж, бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн сонирхууллаа. Тус арга хэмжээг 1000 гаруй зочид, төлөөлөгч, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагч үзэж сонирхон, туршлага судалж, харилцан суралцлаа.

Сурагчид төсөлд суурилсан суралцахуй-төсөл хэрэгжүүлснээр юуг бүтээж, ямар асуудлыг шийдвэрлэж байна вэ?

Энэхүү төслийн үр дүнд сурагчид олон шинэ зүйлсэд суралцаж, өөрийгөө хөгжүүлэн, нийгэмдээ бодит хувь нэмэр оруулж байна. Тухайлбал:

  • Шинжлэх ухаан, технологи ба Инноваци: Хиймэл оюун ашигласан хараагүй хүний ухаалаг таяг, ухаалаг нүдний шил, ухаалаг цэцэг услагч, Био хуванцар, Нарны эрчим хүч ашиглах, Эко шийдэл, тогтвортой хөгжил- Хог хаягдлыг ангилах дадал хэвшил бий болгох, дахин боловсруулж баялаг бүтээх;
  • “Уламжлал, нийгэм, хэл соёл, сэтгэл зүй, харилцаа, хандлага- Гэр бүл, багш, сурагчийн харилцаа, манлайлал, өөрийгөө таньж мэдэх, удирдах, тоглоомын сэтгэл зүй, дэлгэцийн цагаа зохицуулах, ураг удмаа мэдэхийн ач тус;
  • Бүтээлч сэтгэлгээ: Зурагт ном, жүжгийн зохиол, гарын авлага, дизайн технологи, гар урлалын бүтээл хийх;
  • Орчин ба тав тух: Сургуулийн материаллаг орчныг сурагчдын хүсэл сонирхолд нийцүүлэн бүрдүүлэх зэрэг бодит асуудлуудыг шийдвэрлэх, өргөн хүрээнд, гүнзгий судалгаа, шинжилгээнд үндэслэсэн төслүүдийг хэрэгжүүлж, олон шинэлэг санаа, оновчтой шийдлүүдийг хуваалцсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *