Б.Пүрэвдагвын халаа сэлгээнд хамгийн түрүүнд өртөх дарга нар


Нийслэлийн шинэ засаг дарга Б.Пүрэвдагва багаа өөрийнхөө хүмүүсээр бүрдүүлнэ гэдгээ сэтгүүлчдэд илэрхийллээ. Тэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн хүн гэгддэг Г.Жаргалсайханыг нэг орлогчоороо томилох бол одоо нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж буй А.Амартүвшинг явуулах бололтой.

Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Жаргалсайханыг Х.Нямбаатар энэ сарын 11-нд Т.Даваадалайгийн оронд нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогчоор томилоод, 15-нд чөлөөлж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг оронд нь тавьсан юм. Уг нь Т.Даваадалайгийн оронд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Т.Мөнхбатыг санал болгосон ч Ерөнхий сайд дэмжээгүй гэдэг.

Г.Жаргалсайханыг Н.Учрал өөрөө санал болгосон гэх атлаа яагаад ч юм 4 хонуулаад, больчихсон. Гэвч анх дэмжээгүй Т.Мөнхбатыгаа сүүлд нь Н.Учрал нийслэлийн засаг даргын орлогчоор тавьсан.

Түүнийг нь хотын шинэ захирагч Б.Пүрэвдагва үлдээнэ гэсэн таамаг “Хангарди”-д тэнэж явна.

Харин А.Амартүвшинг нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор 2024.10.15-нд томилж байв. 2016-2024 онд Ж.Алдаржавхланг Хан-Уул дүүргийн засаг даргаар ажиллаж байхад нь А.Амартүвшин нийгмийн бодлого хариуцсан орлогч нь байлаа.

Н.Учралын Засгийн газарт сайд болоод буй Ж.Алдаржавхлан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах товчлуур дарж явсан гишүүн. Ж.Алдаржавхланг А.Амартүвшин дагаж яваа учир нам доторх эсрэг талынхныгаа албан тушаалаас холдуулах зарчмыг Б.Пүрэвдагва баримтална гэж нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгч үзэж байна. 

Нийслэлийн ЗДТГ-ын дарга Т.Оюунчимэгийг энэ халаа сэлгээ тойрохгүй бололтой.

Тэр 2002-2004 онд Сонгинохайрхан дүүргийн засаг даргын туслахаар ажлын гараагаа эхэлж, 2013-2016 онд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын туслах болжээ. Д.Сумъяабазар гишүүний буянаар 2016-2020 онд нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргаар ажиллаад, 2020 оны 12-р сараас нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилогдсон. 2 жилийн дараа түүнийг ажлын хариуцлага алдсан гэдэг шалтгаанаар Д.Сумъяабазар ажлаас нь чөлөөлсөн ч Д.Сумъяабазартай эв түнжинтэй явдаг Х.Нямбаатар түүний хүнийг ЗДТГ-ын даргаар 2025 оны 12-р сард буцаан тавьжээ. Харин одоо Б.Пүрэвдагва нийслэлийн шинэ засаг дарга болсноор, Т.Оюунчимэг уг албан тушаалаас буух болж байна.

Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярыг Б.Пүрэвдагвын халаа сэлгээ тойрохгүй шинжтэй.

Д.Тэрбишдагвыг ХХААХҮ-ийн сайд байхад нь Л.Хосбаяр Монголын хоршоологчдын холбоонд нягтлан бодогчоор ажлын гараагаа эхлээд, Ц.Шаравдорж даргатай УИХ-ын Тамгын газарт 2 жил нягтлангаар ажиллаад, референт, ахлах референт, дотоод аудитор, Захиргаа, санхүүгийн удирдлагын хэлтэс дарга хүртэл 11 жил ажиллажээ.

2020 онд Х.Нямбаатарыг Хууль, зүй дотоод хэргийн сайдаар томилогдоход, ХЗДХЯ-нд Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга болж очоод, Санхүү, хөрөнгө оруулалтын газар даргын албан тушаалд шилжсэн. 2023 онд Х.Нямбаатарыг нийслэлийн засаг даргаар томилогдоход, Тамгын газрын даргаар ирж, удалгүй нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч нь болсон. 2025 оноос нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч болж, өмнөхөөсөө илүү мөнгөтэй харьцдаг албан тушаалд очсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *