43 настай, эрэгтэй Э.С мөс гэх синтетик хар тамхи олж авч, 2023-2025 онд байнга худалдан борлуулж байгааг Хар тамхитай тэмцэх алба илрүүлжээ. НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай, уг бодисыг тэрээр бусдад худалдах зорилгоор их хэмжээгээр олж авч, бусдад удаа дараа худалдан борлуулсныг Хар тамхитай тэмцэх алба тогтоосон байна.
Түүнээс Л.Г гэх 37 настай, эрэгтэй, Ц.Ц гэх 33 настай, эрэгтэй авч, цааш нь өөр хүнд заржээ. Мөн 44 настай, эрэгтэй Б.Б, 34 настай, эмэгтэй А.А нар түүнээс тэрхүү бодисыг аван, хадгалж байгаад баригдсан аж.
Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх Э.С -г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жил хорих ял оноов. Л.Г, Ц.Ц, Б.Б нарыг сэтгэцэд нөлөөт бодис олж авсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-6 жил хорих ялаар шийтгэлээ. Тэдний ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх юм. Харин А.А-гийн 2 жил зорчих эрхийг хязгаарласан байна.
