Төв аймгийн Заамар суманд NTV телевизийн сурвалжлах баг ажиллаж байна. Манай сурвалжлагч АМГТГ-ын Хайгуул ашиглалтын хэлтсийн дарга С.Ган-Очироос дараах мэдээллийг газар дээрээс нь тодрууллаа.
АМГТГ-ын Хайгуул ашиглалтын хэлтсийн дарга С.Ган-Очир:
-Танайх ямар үүрэгтэйгээр энд ажиллаж байна вэ?
-Аврах ажиллагааны уулын ажилд нь оролцож байна. Би уулын инженер мэргэжилтэй. Өчигдөр орой 09:30 цаг хүртэл ажилласан. Тэрнээс хойш далд малталт эхэлж, онцгой байдлынхан үргэлжлүүлэн гар аргаар малтаж байна.
-“Рэдвулкан” компанийн лицензийг цуцлах уу?
-2005 онд анх тусгай зөвшөөрөл олгосон. Сүүлд 2021 онд энэ компани тусгай зөвшөөрлийг нь шилжүүлж авсан юм байна лээ. Энэ онд ил уурхайн аргаар олборлолт явуулахаар манайд ажлын төлөвлөгөөгөө хүлээлгэж өгсөн.
-Энэ компанид ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Эднийх энэ жил уулын ажлаа эхлээгүй байсан. Цооног ил орхисон, нөхөн сэргээлт хийгээгүй зөрчил илэрхий байна. Одоогоор аврах ажиллагааг яаж хурдан явуулах вэ гэдэгт анхаарч байна. Үүний дараа хариуцлага ярина.
-Ийм эрсдэл гаргахгүй байх боломжтой байсан. Аюулгүй ажиллагаа хангуулах дүрэм, журам байдаггүй юм уу?
-Энэ чиглэлийн эрсдэлээс хамгаалах зохицуулалт бол дүрэм. Ил, далд уурхай, геологи хайгуул, өрөмдлөгийн ажиллагааны гээд бүхий л дүрэм бий. Хүний цусаар бичигдсэн дүрэм, заавраа мөрдсөн бол ийм эрсдэл гарахгүй байх байлаа.
