Дорнод аймагт хүүхдэд аюул учруулж болох эрсдэл бүхий 25 обьект байна


Дорнод аймгийн Хэрлэн сумын Ургах нар 1 дүгээр багт байрлах “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн урдах цооногт тогтсон усанд 5-р сарын 12-нд 15 настай хүүхэд унаж, амиа алдсан. Үүнээс хойш 10 гаруй хоногийн дараа Төв аймгийн Заамар суманд 3 настай хүүхэд уурхайн өрөмдлөгийн цооногт унаж, амиа алсдан. Энэ мэт ослуудтай холбогдуулан орчны аюулгүй байдлын бүрдүүлэх үүднээс улс орон даяар хяналт шалгалтыг эхлүүлээд байна.

Тэгвэл Дорнод аймгийн хэмжээнд  “Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй ахуйн ослоос урьдчилан сэргийлэх удирдамж”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох арга хэмжээг зохион байгуулж, үзлэг шалгалтын ажлыг хэрэгжүүлж, эхэллээ. Энэ хүрээнд шалгалтаар хүүхдэд аюул, осол учруулж болзошгүй ил задгай хамгаалалтгүй нүх, суваг шуудуу, ил болон далд гарсан цахилгааны утас, нурах эрсдэлтэй хашаа, хайс, тэмдэг тэмдэглэгээгүй барилгын нүх зэрэг эрсдэл бүхий объектуудыг илрүүлэн, нийт 25 эрсдэлтэй байршлыг тогтоожээ.

Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 18 заавар, зөвлөмж өгч, албан шаардлага хүргүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү нэгдсэн үзлэг, шалгалт 6-р сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *