Гол нэрийн барааны үнэ өсөхөд махны үнэ голлон нөлөөлжээ


Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ 6-р сарын 2-ны байдлаар өмнөх сараас 2 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үнэ нь хамгийн их өссөн бүараа нь мах байна. Үхрийн ястай махны дундаж үнэ өмнөх сарынхаас 7.9 хувиар нэмэгдэж, 1 кг нь 33741 төгрөгт хүрсэн бол ямааны ястай мах 7.2 хувь, үхрийн цул мах 4.4 хувь, хонины ястай мах 4.2 хувь, адууны ястай мах 2.5 хувиар нэмэгджээ.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад ч махны үнэ хамгийн их нэмэгдсэн байна. Ганцхан 7 хоногт үхрийн ястай мах 4.4 хувь, хонины ястай мах 3.8 хувь, адууны ястай мах 2.3 хувь, үхрийн цул мах 2.0 хувь, ямааны ястай мах 1.6 хувиар өсөв.

Бусад хүнсний бүтээгдэхүүнээс элсэн чихрийн үнэ өмнөх сараас 2.3 хувь, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар нэмэгдэж, нэг кг нь 5124 төгрөг болжээ. Мөн хар талхны үнэ өмнөх сар болон долоо хоногийн дүнгээр 2.6 хувийн өсөлттэй гарсан байна.

Харин зарим нэр төрлийн барааны үнэ буурчээ. Алимны үнэ өмнөх сараас 3.6 хувь, сонгино 3.3 хувь, ногоон цай 1.6 хувиар хямдрав. Өмнөх долоо хоногтой харьцуулахад сонгины үнэ 3.6 хувь, алим 3.4 хувь, хүрэн манжин 1.7 хувиар хямдарсан байлаа.

Шатахууны үнэд томоохон өөрчлөлт ажиглагдсангүй. Дунджаар АИ-92 бензин нэг литр нь 2590 төгрөг, дизелийн түлш 4334 төгрөгийн үнэтэй хэвээр байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *