Өмнөговь аймгийн нийтийн албан тушаалтан Ё.Насан-Өлзий, А.Батнар, Ц.Санжаа нар 2024 оны 4 сарын 26-наас 12 дугаар сарын 3-ны хооронд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч гэрээ байгуулан, хийгээгүй ажлыг хийсэн мэтээр баримт бүрдүүлж, төсвийн 55.6 сая төгрөг завшжээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2026.06.04-нд тэдний хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2. “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан Ё.Насан-Өлзий, А.Батнар Ц.Санжаа нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг тус тус хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Ингээд Ё.Насан-Өлзий, Ц.Санжаа нарт нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил зорчих эрх хязгаарлах ял оноов. А.Батнарыг нийтийн албанд 2 жил ажиллах эрхийг нь хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлалаа.
