Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг 1-3 жил хадгалж байжээ


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч 2025 оны 11 дүгээр сарын 28-нд “Д” ХХК-ийг “Хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан” гэж 5 сая төгрөгөөр торгон, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгажээ. Үүнийг “Д” ХХК эсэргүүцэн “Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан л бол зөрчил гэж үзэхгүй. Харин хадгалахдаа хууль болон холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн бол зөрчилд тооцохоор Зөрчлийн тухай хуульд заасан. … Хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахыг шууд хориглоогүй. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь холбогдох хууль, журмын дагуу хадгалж, зохих арга хэмжээ авах үүрэгтэй. Байцаагч нь нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоолгүй илтэд үндэслэлгүй акт гаргасан” гэж шүүхэд ханджээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд нэхэмжлэгч “Д” ХХК хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан нь тогтоогдсон. Хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн устгах акт үйлдсэн боловч түүнээс хойш 1-3 жил уг бүтээгдэхүүнийг хадгалсан нь тогтоогдсон. Хугацаа дууссан бүтээгдэхүүнийг малын тэжээл болгохоор хуульд тусгасан гэж нэхэмжлэгч маргаж байгаа ч тус зохицуулалт нь хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгах үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөхгүй” гэж дүгнэн, тус компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд Хүнсний тухай хуулийн холбогдох зохицуулалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслээд “Энэ бүртгэлийг хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа дууссанаас хойш 30-с доошгүй хонгийн хугацаанд эсвэл хадгалах хугацаа дууссанаас хойш 1-с доошгүй жил тус тус хадгална” гэж зааснаар хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хадгалахыг шууд хориглоогүй байна. Харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн авах арга хэмжээг зохицуулсан” гэж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тус компанид оноосон торгуулийг хүчингүй болгосон байна.

УДШ уг хэргийг хэлэлцээд “Давж заалдах шатны шүүх Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өмнөх шүүхийн шийдвэрээс зөрүүтэй тайлбарласан. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн эл хэрэгт хамааралгүй заалтыг хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу” хэмээн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов. Ийн тус компани торгуулиа төлөх үүрэг хүлээлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *