Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.05/ О.Цогтгэрэл, Б.Жаргалан нарын гишүүн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Үндсэн хуульд өмчийн эрхийг хамгаалахтай холбоотой олон заалт байдаг ч үүнийг салбарын хуулиудаар янз бүрээр тайлбарлан, бизнесийн эрх чөлөөг хумьж, бусдын өмчид халдаж байгаа. Иймд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан нар уг төслийг санаачилжээ. Үндсэн хуулийн үзэл санааг дэлгэрүүлэх, эдийн засгийн эрх чөлөөнд ямар тохиолдолд хязгаарлалт тогтоох, түүнийг хэрхэн хамгаалах зэрэг нарийвчилсан механизм бий болгох зорилготойгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Эдийн засгийн харилцааны эрх зүйн суурийг цэгцлэх, Үндсэн хуулийн зарчмыг бодит агуулгаар баталгаажуулах хүрээнд зарчмын шинжтэй зохицуулалтыг уг төсөлд тусгасан байна. Тухайлбал: Хууль ёсоор олж авсан өмчийн халдашгүй, дархан байдлыг баталгаажуулж, түүнд зөвхөн нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн, шүүхийн шийдвэр, зах зээлийн бодит үнээр урьдчилан олгосон нөхөн олговортойгоор халдах нарийвчилсан журмыг тогтоох, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан татварын болон бусад хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглож, эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах зохицуулалтыг тусгажээ.
