УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдаж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол явуулна. СЕХ 9 гишүүнтэй байдаг ч одоогоор 8 байгаа юм. Тэдний 2 нь орон тооны, 7 нь орон тооны бус байдаг. Дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны, бусад нь орон тооны бус.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний 5-ыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, 2-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч, 2-ыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, 6 жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг гишүүд дотроос нь томилдог. Тус хорооны 9 гишүүний хэнийг нь дарга, нарийн бичгийн дарга болгохоо УИХ-ын дарга С.Бямбацогт сонгож, УИХ-д санал болгон, томилуулах юм.
Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дарга асан П.Дэлгэрнаранг УИХ 2025.06.25-нд СЕХ-ны даргын албан тушаалаас чөлөөлсөн. Тэрээр дараа нь ГЕГ-ын даргын албан тушаалд томилогдсон юм.
Түүний оронд СЕХ-ны даргын албан үүргийг Д.Даваа-Очир түр орлон гүйцэтгэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Даваа-Очирыг 2020.08.28-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санал болгосноор СЕХ-ны гишүүнээр томилжээ. 2026.08.27-нд түүний ажиллах хугацаа дуусна.
Д.Даваа-Очир:
- 1987-1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Дарьт дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 0411 дүгээр ангид ахлах төлөөлөгч;
- 1990-1992 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хонгор дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 0421 дүгээр ангийн харуул хамгаалалт эрхэлсэн орлогч дарга;
- 1992-1996 онд Хууль зүйн яамны Амгалан дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 0421 дүгээр ангийн дарга;
- 1996-1997 онд Хорих ял эдлүүлэх газрын Мон-Фем нэгдлийн захирал;
- 1997-2000 онд Хорих ял эдлүүлэх газрын дэд дарга;
- 2000-2008 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалтын төвийн захирлын албыг хавсран;
- 2008-2009 онд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга;
- 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга;
- 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн;
- 2017-2020 оны 8 сар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга;
- 2020.08.28-ны өдрөөс Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Т.Сүхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэр СЕХ-ны гишүүнээр давхар ажиллаж байв. Түүний оронд ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болдыг тавихаар УИХ-ын дарга санал болгож буй аж. Тэр өмнө нь Ерөнхий сайд асан Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байв.
ЕТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг Ерөнхийлөгчөөс санал болгож, СЕХ-ны гишүүнээр томилуулсан. Түүний бүрэн эрхийн хугацаа 2026.01.08-нд дууссан. Оронд Ерөнхийлөгч 2026.04.01-нд Д.Ариунболдыг санал болгожээ. Тэрээр 1996-2002 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч хийсэн бол сүүлийн 5 жилд ажилласан газраа нууцалжээ.
2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 2018-2019 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан О.Амгаланбаатар 2020.01.08-нд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн болсон. Улсын дээд шүүхээс санал болгосон түүний бүрэн эрхийн хугацаа 2026.01.07-нд дууссан. Түүний оронд УДШ 2026.05.19-нд Д.Мөнхзоригийг санал болгожээ. Д.Мөнхзориг 2022 оноос Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга, 2019-2022 онд Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.
СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлантай байнгын хороо хаалттай танилцана.
