Нимгэн даашинзны хормой дэрвүүлэн алхахсан гэсэндээ зуны хувцсаа гаргаж, толийтол индүүдэн өлгөснөөс хойш сар гаруй болжээ. Одоо дулаарах болсон байлгүй хэмээн хөнгөн нимгэн хувцсаа гаргаж үзлээ. Хэдийнэ тоос дарчхаж.
Цаг агаарын мэдээ орой бүхэн үзэвч тэнгэрийн зурхай таагүй. Билгийн тооллоор зуны эхэн сар дуусахад 7 хоног үлдлээ. 14 хоногийн дараа нар буцах гэж байхад нийслэлчүүдийн зарим нь ноосон өмднөөсөө салаагүй байна. Зун зугтчих шиг боллоо.
Багачуудаа баяраар нь гангалахаар аав ээжүүд гоё хувцас бэлдсэн ч тэр өдөр гадуур нь хувцас давхарлахаас өөр аргагүй жиндүүхэн байв. Жилийн жилд 6-р сарын 1-нд тэнгэр нарыг үүлээр хуччихдаг болоод байгаа. Энэ жил ч тэгэв.

6-р сарын 3-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумыг 10-15 см зузаан цас дарлаа. 4-5-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орлоо. Уулын оройгоор цас цайраад, ноосыг нь хяргасан төлөг, ноолуурыг нь самначихсан борлонгууд өглөөд хэвтрээсээ босохгүй байгааг малчид ярьж байна. Хүйтэн бороо, нойтон цас ээлжлэн орсоор хүмүүсийг зутрааж эхэлжээ.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээгээр 5-р сарын сүүлчийн 10 хоногт агаарын температур баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.1-2.6 градусаар хүйтэн байв. Завханы Тэс, Увсын Завхан, Говь-Алтайн Эрдэнэ, Есөнбулаг, Бигэр, Баянхонгорын Жинст, Баянцагаан, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Төгрөг, Дундговийн Сайнцагаан, Хулд, Эрдэнэдалай, Өмнөговийн Цогт-Овоо, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэрт 28-32 м/с, Увсын Улаангомд 40 м/с хүрч шуурлаа. Энэ бол онц аюултай үзэгдэл юм. Зун хэзээ ингэж хүчтэй шуурч, цас орж байлаа даа. Хавар биш дээ. Зун хаана ч юм ирж чадахгүй саатаж, хавар оронд нь хоргодоод буцахгүй байна.
6-р сарын эхээр зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр. Эхний 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлалтайг цаг уурчид сануулж байна.

Биднийг багад зун бороо олон хоногоор зөөлөн зүсэрч ордог, багачууд зориуд шалба нороод түүндээ баясан хөгжилддөг байлаа. Орой дээрээс нар таатайхан ээж, эрээн цэцэгс дунд эрвээхэй хөөн гүйлддэг байлаа. Өвөл бол чарга чирээд уул руу явахдаа бидний нар гарна. Хурууны үзүүр часхийх, хацар хайрагдахыг ч ажралгүй уулын уруу сүнгэнэнэ. Харин одоо өвөл нь дулаахан, хараараа шахам байсаар гэнэт хэд хоног чөмөг царцаам хүйтэрдэг болж.
Зун нь бидний хүүхэд ахуйн намар шиг сэрүүхэн, эсвэл гэнэт шатаах шахаж, орох газраа олж ядтал бачимдуулна. Бороо зүсэрч орохыг мартаад гэнэт хувингаар асгах мэт үер буулгадаг болсон. Дураараа нүүх нутаг минь дөрөв биш, өвөл хавар гэсэн хоёрхон улиралтай болчихлоо. Өнгийн цэцэгс хөл дор алаглаж, нартай бороо дээрээс шаагидаг зугаатай зун хаачив. Дэлхий дулаарч, мөнх цас, мөс хайлж, далайн ус нэмэгдэж байхад Монгол яагаад сэрүүсээд байна вэ.
Үүнд цаг уур судлаачид “Монгол орон мөнх цэвдэг дээр байрладагтай холбоотой” гэсэн хариу өгөв. Дэлхийн дулаарал хамгийн эрчимтэй явагдаж буй газар бол Монгол гэнэ. Манай орны агаарын дундаж температур 1940 оноос хойш 2.1 градусаар нэмэгджээ. Үүнийг улирлаар нь авч үзвэл өвөл 3.6 градусаар, хавар, намар 1.8, зун 1.1 градусаар дулаарчээ.
Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр сүүлийн 10 жил дараалан түүхэн дэх хамгийн дулаан жилүүд болж байна.
Аж үйлдвэржилтийн өмнөх үетэй (1850-1900 он) харьцуулахад Дэлхийн дундаж температур ойролцоогоор 1.55°C-1.60°C-аар дулаарч, 2024 он бүх цаг үеийн хамгийн халуун жил болов. 2025 он уур амьсгалын Ла-Нинья үзэгдлийн нөлөөгөөр түүхэн дэх хамгийн халуун 3 жилийн нэг гэгдсэн.
Манай орны төв, баруун бүс эрчимтэй дулаарч байгаагийн улмаас өндөр уулын мөнх цас, мөс хайлж, цэвдэг гэсэн, төвийн нутгаар орох хур тунадасны хэмжээ багасчээ. Үүний нөлөөгөөр өвөл хүйтний эрч харьж, зарим газраар их хэмжээний цас ордог, зун нь цөөн хоног огцом халдаг болсон аж. Монгол Алтайн нурууны мөсөн голуудын мөс дунджаар 56 метр зузаан.
Тэгвэл 2040 он гэхэд ийм зузаан мөсөн голууд хайлж дуусах юм байна. 2004 онд хийсэн судалгаагаар мөсөн голууд жилд 54 см-ээр нимгэрч байсан бол дараа жил нь 89 см болж, улам хурдан хайлж эхэлсэн байна. Энэ эрчээрээ бол Мөнххайрхан уулын 130 метр зузаан мөсөн голууд 2060 он гэхэд хуурай сайр болж хоцрох нь.
Манай орны бүх гол, мөрний усыг нийлүүлснээс хоёр дахин, газрын хөрсөн доорх уснаас тав дахин их цэвэр ус агуулж буй энэхүү мөсөн голууд эрчимтэй хайлж, тэр хэрээр агаарт ихээхэн ус ууршиж байгаа учраас одоохондоо бид буудах үүлтэй байгаа аж. Нэг хэсэг ширгэж хатсан голууд эргээд урсаж эхэлсэн нь үүнтэй холбоотой юм байна.

Манай орны нийт газар нутгийн 63 хувь нь цэвдэгтэй. Энэ бол газрын хөрсөн дор мөс бий гэсэн үг. Цэвдэг судлаачдын сэрэмжлүүлгээс үзвэл сүүлийн 30 жилд Хэнтий, Хангайн уулархаг нутагт оршдог цэвдэг 0.1-0.6 см-ээр, Хөвсгөлийн уулархаг нутгийн цэвдэг 0.6-1.6 см-ээр гэсчээ. Дэлхийн цэвдэг судлалын холбооны тооцооноос үзвэл манай орны цэвдэгтэй нэг кг хөрсөнд 10 грамм ус байдаг аж. Цэвдэгтэй газраас хааш хаашаа нэг метр хөрс ухаж аваад гэсгээвэл 1,000 шоо метр ус гарна гэсэн үг.
Тэгэхээр Монгол орны цэвдэг гэсэхийн хэрээр тэндхийн гол, нуур, булаг шандны ус нэмэгдэх нь ойлгомжтой. Хатаж ширгэсэн голууд буцаад “амилсны” учир ийм. Агаарын температур эрс нэмэгдэж, өмнөхөөсөө их хэмжээний ус агаарт ууршуулдаг болсон учраас шиврээ бороо зүсрэхээ болиод ус ихтэй аадар буудаг болжээ.
Бидний мэдэх зугаатай зун хаашаа ч юм зугтаж, оронд нь огцом халдаг, гэнэт үер буулгадаг, ихэнх өдрүүдэд нь салхитай, сэрүүхэн зун ирчихсэн нь ийм учиртай юм байна. Мөнх цас, мөсөн гол, цэвдэг хайлж дуусахад Монгол орон улаан шороо эргэлдсэн цөл болно. Үүнийг хэн ч хүсээгүй, хүсэх ч үгүй. Хүүхэд насныхаа дулаахан зуныг л хүсэж байна.
