Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 6 дугаар сарын 2-5-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 595 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 479 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоо 116 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.
Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Сэлбэ 20 минутын хот” корпорац зэрэг байгууллагын захирлуудыг сольж байгаа. Уг байгууллагын дарга болохоор нэр дэвшсэн 4 этгээд АТГ-т холбогдох мэдүүлгээ гарган өгч, хянуулаад байна. Тэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг АТГ тогтоон, холбогдох удирдлагуудад нь мэдэгджээ.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 138 гомдол, мэдээллийг АТГ хүлээн авч шалгаад, 28-ыг нь хянан шийдвэрлэв. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хөндлөнгөөс нөлөөлж, гэр бүлийн гишүүд болон төрөл садангийн этгээдүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон, өөрийн найзад давуу байдал олгож, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр удирдах албан тушаалд томилсон, хөрөнгө орлогын эх үүсвэр нь хууль ёсны эсэх нь эргэлзээтэй зэрэг үйлдэлд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий этгээдэд нь албан бичиг хүргүүлжээ.
