Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг УИХ өнөөдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэх байв.
СЕХ 9 гишүүнтэй байдаг ч одоогоор 8 байгаа юм. Тэдний 2 нь орон тооны, 7 нь орон тооны бус байдаг. Дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны, бусад нь орон тооны бус. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний 5-ыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, 2-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч, 2-ыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, 6 жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг гишүүд дотроос нь томилдог. Тус хорооны 9 гишүүний хэнийг нь дарга, нарийн бичгий дарга болгохоо УИХ-ын дарга С.Бямбацогт сонгож, УИХ-д санал болгон, томилуулах юм.
СЕХ-ны одоогийн 8 гишүүний 4-ийнх нь томилогдсон хугацаа дуусаад 5 сар болж байна. Удахгүй 2 гишүүнийх нь хугацаа дуусна. Тус хороонд нийт 7 гишүүн томилох шаардлагатай.
Бүрэн эрх нь дуусан 4 гишүүний оронд тавих хүмүүсийн томилгоог өнөөдөр УИХ хэлэлцэж байна. 1 нэр дэвшигчийг Ерөнхийлөгч, 1 нэр дэвшигчийг УДШ, 2 нэр дэвшигчийг УИХ санал болгож, чуулганаар хэлэлцүүлж байгаа юм. Уг томилгоотой холбоотойгоор АН-ын бүлэг чуулганаас 5 хоногийн завсарлага авлаа. АН-ын бүлгээс хүссэн 5 хоногийн завсарлагыг УИХ-ын дарга шууд өгөв.
