Улаанбаатар хотод 2024-2031 онд хэрэгжүүлэх 16 мега төслийн 4-ийг нийтийн тээвэр, 3-ыг нь авто замын салбарт хэрэгжүүлнэ.
Нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл:
- Метро
- Тусгай замын автобус
- Хөнгөн галт тэрэг
- Дүүжин тээвэр
Эдгээрийг хэрэгжүүлэхэд 11.4 их наяд төгрөг шаардлагатай.
Авто замын салбарт хэрэгжүүлэх төсөл:
- Тойрог зам
- Олон түвшний уулзвар
- Туулын хурдны зам
Үүнд 8.6 их наяд төгрөг зарцуулна.
Эдгээр 7 төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороо шинжээч томилон шинжлүүлжээ. Тусгай замын автобус (BRT). Үүнээс хэрэгжих хамгийн боломжтой нь тусгай замын автобус (BRT) гэж шинжээч үзсэн байна. Учир нь энэ төслийг хэрэгжүүлэхэд 74.7 сая ам.доллар зарцуулна. Үүгээрээ бусад төслөөсөө хамгийн хямд нь болж байна. Тэгсэн атлаа эдийн засгийн өгөөж нь хамгийн өндөр аж. Өгөөжийг нь 36.7% гэж тооцжээ. Өртөг багатай, хурдан хэрэгжүүлэх боломжтой, мөнгө нь бэлэн төсөл. Үүнд зарцуулах мөнгийг Азийн хөгжлийн банкнаас зээлсэн байна.
Трамвай төсөл үүний дараа оров. Метроноос хэд дахин хямд, олон зорчигч тээвэрлэх багтаамж сайтай энэ тээврийг метротой уялдуулж хэрэгжүүлэх юм.
Дүүжин тээвэр төсөл удаалав. Яармаг-“Хархорин” захын хооронд цөөн зорчигчид үйлчлэх боломжтой ч энэ бол түгжрэлийг багасгах, зорчигч тээвэрлэх шийдэл биш. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү“УИХ 2015 онд Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр байгуулж, Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад BRT тохиромжтой гэж үзсэн. Засаг дарга солигдох бүрт түгжрэл гэдэг нэрээр 1 төсөл гаргаж ирсэн. Францын зээлээр дүүжин тээвэр гээд аялал жуулчлалын чанартай, нийтийн тээвэрт ордоггүй юмыг дараагийн засаг дарга гаргаж ирсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр зээл, зээлийн хүүг нь төлж байгаа. Түгжрэл шийдэх арга нь тусгай замын автобус мөн гээд мэргэжлийн байгууллага нь дүгнэчхээд байхад түгжрэл нэрээр 7 янзын төсөл оруулж ирсэн” хэмээн сонсголын үеэр шүүмжлэв.
Эрсдэлээрээ “Метро” төсөл 4-рт оржээ. Зам, тээврийн төсөл дотроо хамгийн их зардалтай нь энэ. Улаанбаатарт метро байгуулахад 2.45 тэрбум ам.доллар шаардлагатай. Шинээчийн илрүүлснээр уг төслийн ТЭЗҮ болон олон нийтэд нийслэлийн удирдлагуудын танилцуулсан үнийн дүн хоорондоо 3.4 тэрбумын зөрүүтэй байгаа аж. Энэ талаар шинжээч “Метроны ТЭЗҮ-д үр ашиггүй, эрсдэл өндөртэй” гэж дүгнэсэн байна лээ. Хамгийн асуудалтай нь ЖАЙКА-гийн 2013 оны судалгааг тэр чигт нь хуулж, 2024 оны судалгаа болгож бичсэн. Тоог нь бүрэн сольж чадаагүй байна лээ” гэж мэдэгдэв.
“I тойрог зам” төсөл эрсдэлээрээ метротой адил үнэлэгджээ. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ 2025 онд 1.4 их наяд төгрөгийн зөрүү гаргажээ. Учир нь уг төсөлд 811 сая ам.доллар, 918.6 сая ам.доллар зарцуулсан гэх хоёр өөр тоо байгаа аж.
“II тойрог зам” бол санхүүгийн хувьд маш их алдагдалтай. Одоогоор байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй. Эдийн засгийн үндэслэлийг нь хэт өсгөж тооцсон, олон зүйл нь давхацсан гэж шинжээч үзэв.
Яг үүнтэй адил маш өндөр эрсдэлтэйд “Туулын хурдны зам” төслийг тооцжээ. Санхүүгийн хувьд өгөөж байхгүй. Харин ч алдагдалтай. Байгаль орчны үнэлгээ нь үндэслэлгүй. Нийслэлийн төсөвт хамгийн их дарамт учруулах эрсдэлтэй нь энэ гэнэ.
“Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд нийт 28.6 их наяд төгрөг хэрэгтэй. Энэ бол ДНБ-ий 32 хувьтай тэнцэх асар их мөнгө. 1 хотод хэрэгжүүлэх 1.5 сая хүнд зориулсан 7 өөр төсөл атлаа хоорондоо уялдаагүй, нэгтгэж төлөвлөөгүй. Нэгдсэн судалгаа, нэгдсэн тооцоо байхгүй. 2024 оноос эхлээд нэгэн зэрэг хэрэгжүүлж, нэгэн зэрэг санхүүжүүлэхээр байна. Үүний 71 хувийг зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр тусгасан. Санхүүжилт нь байхгүй. Зээлд эргээд 1.4-1.8 их наяд төгрөг жил бүр төлөхөөр байна. 7 төсөл нэгэн зэрэг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх чадвар байна уу?
Эрүүл мэнд, боловсрол гэх мэт бусад асуудал хаягдаж, нийслэл бүх мөнгөө зам тавихад зарцуулахаар байна. 2007, 2017 оны судалгаанд тулгуурлаж, тооцоогоо гаргасан. Түүнээс хойш хот өөрчлөгдсөн. Түүнийг тооцоогүй. Буруу тооцсон” хэмээн шинжээч шүүмжиллээ.
Эл 7 төсөлд шаардлагатай 28.6 их наяд төгрөгийн 71% буюу 20 их наяд 306 тэрбумыг гадаадаас зээлнэ. Туулын хурдны зам, тойрог зам, дүүжин тээвэр, хөнгөн галт тэрэг мэтийн шал хэрэггүй төсөлд ийм мөнгө зарцуулна, тэрийгээ зээлнэ гэдэг үнэхээр аймаар.
- их наяд төгрөг буюу 12%-ийг нь бонд гаргаж, өр тавих замаар олно. Бонд гэдэг бол өр. Хүү төлнө. Тэр нь нийслэлийн иргэдийн, татвар төлөгчдийн халааснаас гарна шүү дээ.
17%-ийг нь нийслэлийн төсвөөс гаргана. Хамгийн ноцтой нь төсвөөс гэх нэртэй 4 их наяд 862 тэрбум төгрөгийг нийслэлийн ЗДТГ ард иргэдийг торгох, хураамж авах аргаар олохоор тооцсон байна. Замын цагдаа, татварын байцаагч нараа сайн ажиллуулж, иргэдийнхээ халаасыг ямар нэг аргаар ухан, байгаа мөнгийг нь хууль, дүрмээр далайлган авах замаар энэхүү тэнгэрийн төслүүдээ хэрэгжүүлэх нь. Эдгээр төслийг нэгэн зэрэг хэрэгжүүлбэл зам, тээврийн салбарт 5.3 тэрбум ам.долларын өр үүсэх нь. Үүнийг төлөхөд жил бүр 400-500 сая ам.доллар шаардлагатай болно. Энэ нь нийслэлийн төсөвт хүнд ачаа болох ажээ.
