Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлд хатуу хучилттай 92.13 км авто зам тавьж эхэллээ. Уг замыг тавих тендерт “Неон гэгээ” ХХК шалгарч, одоогоор ул хөрс хуулах, хөрс нягтруулах, хөвөө далангийн хажуу налуугийн хөрсийг хуулах зэрэг ажлаа хийж байна. Энэ замын эхний хэсгийг тавихад улсын төсвөөс 16 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 2026 онд 5 тэрбум төгрөг олгоно.
Энэ чиглэлд зам тавихаар Засгийн газар 2020 онд шийдэж, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (ЕСБХБ) санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. 2021 онд ТЭЗҮ боловсруулж, 2022 онд батлуулжээ. 2023 онд ЕСБХБ-тай хэлэлцээ хийж эхэлсэн аж. ЕСБХБ-ны санхүүжилт орж ирэх хүртэл замын эхний хэсгийн ажлыг эхлүүлэхээр 2024 онд улсын төсөвт 16 тэрбум төгрөг тусгасан байна. Ингээд 2024-2025 онд нийт 6 удаа тендер зарласан ч шаардлага хангасан гүйцэтгэгч оролцоогүй. 2026 оны 2-р сард дахин тендер зарлаж, 3-р сард “Неон гэгээ” ХХК гүйцэтгэгчээр шалгарчээ.
Уг зам ашиглалтад орвол Улаанбаатараас Эрдэнэт явах зорчигчид Дарханаар дайрах шаардлагагүй болно. Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлийн замаар явбал Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замаар явснаас 100 км богино зам туулж, нийт 280 км явж, Эрдэнэтэд очно.
