“Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт 2025” үндэсний судалгааны үр дүнг танилцууллаа.
Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс хийсэн уг судалгаанд оролцогчдын 80.0 орчим хувь нь гэр бүл зохиоход өөрийгөө бэлэн бус болон хангалттай бэлтгэгдээгүй гэж хариулжээ. Тэд өөрсдийн оноог дунд болон муу гэж дүгнэсэн байна.
Гэр бүлийн амьдралд тааруу бэлтгэгдсэн гэж хүлээн зөвшөөрсөн байдлыг насны ангиллаар авч үзвэл:
- Дунд насныхан – 72.0 хувь
- Ахмад насныхан – 73.0 хувь
- Залуучууд – 76.0 хувь байна.
Энэхүү үзүүлэлт нь залуу хосуудад гэр бүл төлөвлөлтийн талаарх зөв ойлголт, мэдлэг, боловсролыг системтэйгээр олгох нь нэн чухал байгааг харуулж буй юм.
Гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой нас хэд вэ? гэсэн асуултаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл зохиох тохиромжтой насныг тодруулах зорилготой асуужээ. Үүнд:
- Эрэгтэй хүн 24-29 насандаа гэр бүл зохиох нь тохиромжтой гэж 62.0 хувь нь,
- Эмэгтэй хүн 18-23 насандаа гэр бүл зохиох нь тохиромжтой гэж 56.0 хувь нь тус тус хариулжээ.
