Цэцийн гишүүнд Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг санал болгожээ


УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2 орон тоонд Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг санал болгож, өнөөдөр /2026.06.24/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байна. Хаврын чуулган 7-р сарын 3-нд хаана. Түүнээс өмнө цэц бүрэн бүрэлдэхүүнтэй болох нь.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх санал болгож, УИХ 6 жилийн хугацаатай томилдог. Ерөнхийлөгч 3, УИХ 3, УДШ 3 хүн цэцэд тавьдаг. УИХ-аас санал болгож томилуулсан 3 хүнээс Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дууссан бол Л.Өлзийсайхан өөр ажилд шилжиж, одоо Ц.Цолмон үлджээ.

Цэцийн дарга Г.Баясгалангийн 6 жилийн хугацаа дуусаад жил гаруй болж байна. М.Энхболдыг спикер байхад УИХ 2019.06.06-нд түүнийг ҮХЦ-ийн гишүүнээр томилжээ. Цэцийн гишүүнээр ажиллах хугацаа нь 2025.06.05-нд дууссан. Түүнийг УИХ санал болгож, цэцэд томилуулсан учир орны хүнийг нь парламент санал болгож, томилуулах учиртай.

Үндсэн хуулийн цэц 9 гишүүнтэй ажилладаг ч одоо бол 8 гишүүнтэй. 1 гишүүний орон тоо эзэнгүй байгаа юм. Н.Учрал УИХ-ын дарга болонгуутаа ҮХЦ-ийн гишүүн, Гавьяат хуульч Л.Өлзийсайханд санал тавьж, Л.Өлзийсайхан уг саналыг нь хүлээж авснаар 2025.11.28-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон юм. Түүний орон тоо ҮХЦ-д хоосон байгаа. Л.Өлзийсайханыг парламент санал болгож, цэцэд томилуулсан болохоор суудалд нь хэнийг тавихаа УИХ шийднэ. 

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар 2022-2023 онд Түгжрэлийн сайдаар ажиллаж, “Ногоон автобус”-ны гэх хэрэгт нэр холбогдсон удаатай. Түүнийг УИХ дахь МАНын бүлэг санал болгож байна.

Г.Эрдэнэбатыг УИХ дахь АН-ын бүлэг санал болгожээ. Тэр 2026 оноос УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *