Монгол Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр тус тус томилсон.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр (2026.07.01) зохион байгууллаа.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний тангараг өргөх журмын дагуу Тангараг өргөх ёслолын ажиллагааг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан удирдан, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг танилцуулав.
Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.
