Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаар УИХ-ын 2026 оны Хаврын чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.
Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Ардчилсан нам өнгөрсөн 2 жилийн хугацаанд зөвхөн сөрөг хүчин хийхээс гадна бүтээлч хуулийн төсөл санаачилж батлуулах чиглэлд онцгойлон ажилласан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид 3 Засгийн газар, 3 Ерөнхий сайдын нүүрийг үзлээ. Эрх баригчид албан тушаал сандал суудлын асуудал ярьсаар өдийг хүрсэн. Өнөөдөр хүртэл УИХ-ын чуулганаар дан томилгоо л яригдахаас биш бүтээлч хуулиуд төслүүд маш бага байна.
Ардчилсан намын бүлгийн гишүүд маш олон хуулийн төсөл санаачилж Засгийн газраас санал авч УИХ-д өргөн барьсан. Гэвч зарим хуулийн төслүүд удаан хугацаанд хэлэлцэгдэхгүй хүлээгдэж байна. Жишээлбэл, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн санаачилсан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Б.Түвшингийн санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаад нэг жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл хэлэлцэгдээгүй. Төрийн нууцын тухай хуулийг өргөн барихад Засгийн газар дагалдах ижил төстэй хуулийг өргөн барьж уг хуулийн төслийг эзэнгүйдүүлсэн.
Эдгээр нөхцөл байдлаас харахад Ардчилсан намын гишүүдийн санаачилсан олон чухал хуулийн төслийг хэлэлцэх явцыг удаашруулж, ач холбогдлыг нь сулруулсан нь хууль тогтоох үйл ажиллагааны үр нөлөөг бууруулж, парламент дахь бодлогын өрсөлдөөнийг хязгаарлаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Ардчилсан нам үзэл баримтлалынхаа хүрээнд төр аль болох цомхон, үр ашигтай байх ёстой гэж үздэг. Төр хэт данхайж, дарга, албан тушаалтны тоо нэмэгдэх нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг өсгөдөг учраас бид татварыг боломжит хамгийн бага түвшинд байлгах бодлогыг тууштай баримталдаг. Татвар багасахын хэрээр төр өөрөө үр ашигтай, хэмнэлттэй ажиллах шаардлага бий болдог.
Ийм учраас иргэн Р.Шинэгэрэлийн санаачлан dparliament.mn сайтад байршуулж, ердөө зургаахан хоногийн дотор 100 мянган иргэний дэмжлэг авсан Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох санал нь Ардчилсан намын үзэл баримтлалтай бүрэн нийцэж байгаа юм. Үүний дагуу Ардчилсан намын гишүүд уг саналыг хууль болгон боловсруулж, УИХ-д өргөн барьсан.
Өмнөх Засгийн газрын үед, Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар ХХОАТ-ын асуудлыг огт хөндөөгүй, иргэдэд чиглэсэн татварын ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлээгүй. Харин Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газраас сарын 792 мянган төгрөгийн орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 0 хувь болгох санал оруулж ирсэн бөгөөд энэ нь бидний зорьж буй шинэчлэлд бүрэн хүрэхгүй ч тодорхой ахиц болсон. Ингэснээр 2 сая төгрөг хүртэлх цалинтай иргэд өмнө нь төлдөг байсан хэмжээнээс бага буюу 1 хувийн татвар төлөх зохицуулалт хуульчлагдсан.
Энэ бол татварын дарамтыг бууруулах чиглэлд хийсэн анхны алхам гэж бид үзэж байна. Цаашид Ардчилсан нам Засгийн эрхийг хэрэгжүүлэх боломж бүрдвэл татварын ачааллыг үе шаттайгаар бууруулж, хувийн хэвшлийг бодлогоор дэмжин, төрийн бүтцийг улам цомхон, үр ашигтай болгохын төлөө тууштай ажиллах болно.
Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан:
– Өнгөрсөн 10 жилийн хугацаанд МАН дангаараа Засгийн эрхийг барих хугацаанд эдийн засаг дахь төрийн оролцоо үлэмж нэмэгдэж, төрийн бүтэц улам тэлсэн. Үүний зэрэгцээ иргэдийн төрд итгэх итгэл буурч, хувийн хэвшлийн орон зай хумигдсаар байна.
Энэ хугацаанд ДНБ-д эзлэх татварын ачаалал 38 хувьд хүрч, төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого 25 их наяд төгрөг буюу ДНБ-ий бараг гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг дахь төрийн оролцоо хэт тэлж, иргэн бүрийн эдийн засгийн эрх чөлөө улам бүр хумигдаж байна.
Тиймээс Ардчилсан намын бүлгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төсөл нь эдийн засаг дахь төрийн оролцооны хүрээ, хязгаарыг тодорхой тогтоох зорилготой. Тухайлбал, төр хувийн хэвшилтэй ямар ч нөхцөлд өрсөлдөхгүй байх, бараа, үйлчилгээний үнийг захиргааны аргаар тогтоохгүй байх, татварыг зөвхөн хуулиар бий болгож, өөрчлөх зарчмыг баталгаажуулах, төрийн өмчит компанийг үндэслэлгүйгээр шинээр байгуулахгүй байх зэрэг төрийн оролцоог хязгаарласан суурь зохицуулалтуудыг тусгасан.
Ардчилсан намын бүлгээс өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэж байгаа бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна.
Гэвч Засгийн газар нэг талаас эдийн засаг, бизнесийн эрх чөлөөг дэмжсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа атлаа нөгөө талаас төрийн оролцоог нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрлийн тоог өсгөх агуулгатай бусад хуулийн төслүүдийг зэрэг өргөн мэдүүлж байгаад харамсаж байна.
Энэ асуудал дээр Ардчилсан нам, МАН-ын үзэл баримтлалын ялгаа тодорхой харагдаж байна. Ардчилсан нам Монгол Улсын хөгжил иргэдийн идэвх санаачилга, хувийн өмч, чөлөөт өрсөлдөөнд тулгуурлах ёстой гэж үздэг. Харин МАН төрийн оролцоо, удирдлагын тогтолцоог улам тэлэх бодлого баримталж байна. Бид цомхон бөгөөд үр ашигтай төрийг төлөвшүүлэх, татварын дарамтыг бууруулах, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг бодитоор хамгаалах бодлогыг бодит ажил болгон хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
– Өнөөдөр миний бие болон УИХ-ын 40 гишүүний хамтран өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг УИХ баталлаа.
Бидний санаачилсан хуулийн төслийн гол зорилго нь иргэдийн бизнес эрхлэх эрх чөлөөг хангах, хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн иргэний эрх зүйн гэрээгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэж буй иргэдэд үүсдэг давхар ачааллыг арилгах явдал байсан.
Ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээ нь Монгол Улсад Иргэний хуулиар зохицуулагддаг бөгөөд эдгээр гэрээнээс олсон орлогод бизнесийн орлого гэж үзэн 10 хувийн орлогын албан татвар ногдуулдаг. Гэвч нөгөө талаас тухайн орлогыг Нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд хөдөлмөрийн харилцаанд хамруулан нийгмийн даатгалын шимтгэл давхар суутгаж ирсэн нь иргэдэд дарамт үүсгэдэг байсан.
Иймээс бид нэг орлогоос хоёр өөр хэлбэрээр давхар шимтгэл, татвар ногдуулах зохицуулалтыг өөрчлөхөөр энэхүү хуулийн төслийг санаачилсан юм. УИХ-ын хаврын ээлжит чуулган өндөрлөхөөс долоо хоногийн өмнө уг хуулийг баталж чадсан нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчид болон гэрээгээр ажил гүйцэтгэгч иргэдийн хувьд бодит ахиц болсон гэж үзэж байна.
Өмнөх зохицуулалтаар иргэдийн орлогоос ажил олгогч болон ажил гүйцэтгэгчийн талаас нийлээд 20 орчим хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх нөхцөл үүсдэг байсан. Харин шинэ зохицуулалтаар нэг удаагийн гэрээний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх дүнгээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож суутгахаар болсон.
Мөн өмнөх тогтолцоонд ажил олгогч ажилтан шинээр авч ажиллуулсны төлөө нийгмийн даатгалын шимтгэл нэмж төлдөг байсан нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бус, харин ажил олгогчид нэмэлт дарамт болдог байлаа. Зах зээлийн эдийн засагт шилжсэн олон улс ийм тогтолцооноос аль хэдийн татгалзсан байдаг. Харин Монгол Улс энэ хуучин тогтолцоог өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн.
Энэхүү өөрчлөлт нь ажил эрхлэлтийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийн ачааллыг бууруулах чиглэлд хийж буй бодит алхам юм. Цаашид ч татвар, шимтгэлийн дарамтыг үе шаттайгаар бууруулж, иргэн хөдөлмөрлөж, бизнес эрхлэхэд илүү таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.
