“Sony Pictures Entertainment” АНУ-ын иммерсив технологийн “Cosm” компанид 100 сая ам.долларын хөрөнгө оруулж, тус компанийн цөөнхийн хувьцааг эзэмшихээр болсон тухай хоёр тал мэдэгдлээ.
“Cosm” нь спортын тэмцээн, концерт, кино болон бусад контентыг өндөр нягтаршилтай аварга бөмбөгөр LED дэлгэц, орон зайн дууны системээр үзүүлж, үзэгчдэд тухайн үйл явдлын төвд байгаа мэт мэдрэмж төрүүлдэг иммерсив үзвэрийн технологи хөгжүүлдэг компани юм. Тус компанийн байгууламжууд одоогоор АНУ-ын Лос Анжелес, Даллас хотуудад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ирэх жилүүдэд Атланта, Детройт зэрэг хотуудад шинэ төвүүд нээхээр төлөвлөж байна.
“Sony Pictures”-ийн мэдээлснээр энэхүү хөрөнгө оруулалт нь зөвхөн санхүүгийн хэлцэл биш бөгөөд кино, телевизийн контентыг шинэ хэлбэрээр үзэгчдэд хүргэх урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны эхлэл юм. Цаашид “Sony”-ийн кино, телевизийн бүтээлүүдийг “Cosm”-ийн иммерсив орчинд тусгайлан үзүүлэх боломжийг судалж эхлэхээр төлөвлөжээ.
