ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дизель түлш, шатахууны экспортондоо хориг тавих шийдвэр гаргасан нь дэлхий дахинд эрчим хүчний хямралын айдсыг дахин төрүүлж, улс орнуудыг сандаргаж эхэллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас манай улсын хувьд шатахууны хомсдол үүсэх бодит эрсдэл байхгүй бөгөөд нөөц хангалттай байгааг өнөөдөр /2026.7.06/ зарласан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны (АҮЭБЯ) Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: Шатахууны нөөц хангалттай, хомсдол үүсэхгүй. АИ-92 шатахуун: 71,552 тонн буюу ердийн хэрэглээний 33 хоногийн нөөцтэй, АИ-95 шатахуун: 3,965 тонн буюу хэрэглээний 44 хоногийн нөөцтэй, Дизель түлш: 106,683 гаруй тонн буюу 27 хоногийн хэрэглээний нөөцтэй.
Цааш нь, хэдийгээр ОХУ-аас экспортын хязгаарлалт хийх тухай тушаал шийдвэр гарсан ч Монгол Улсын хувьд хэрэглээний хомсдол үүсэх, очер дараалал үүсэхгүй. Манай улс ОХУ-тай тогтмол нийлүүлэлт хийх урт хугацааны гэрээтэй бөгөөд хойд хөршийн зүгээс манайд нийлүүлэх бүрэн эрхийг хасах буюу нийлүүлэлтийг зогсоох ямар нэгэн алхам хийгээгүй байна гэв.
Наадмын дараа шатахууны үнийн асуудлыг хэлэлцэнэ
Гэрээний нөхцөлөөр дэлхийн зах зээл дээрх үнэ 30-аас дээш хувиар нэмэгдсэн тохиолдолд дотоодын үнэд өөрчлөлт орох зохицуулалттай бөгөөд ирэх 4 сарын туршид үнийн хэлбэлзэл тогтвортой байх төлөвтэй байна.
Түүнчлэн, ирэх наадмын дараа буюу 7 дугаар сарын 20-ны орчимд Шатахууны үнийн зөвлөл хуралдахаар товложээ. Тус хурлаар зарим төрлийн бүтээгдэхүүний үнийг бууруулах болон зохицуулалт хийх асуудлуудыг голчлон хэлэлцэх юм байна. Наадам болон зуны амралт, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын шатахууны хэрэглээ харьцангуй буурч, орон нутгийг чиглэсэн урсгал нэмэгддэг. Иймд яамны зүгээс импортлогч компаниудад бизнесийн зарчмаар ажиллаж, хөдөө орон нутгийн, тэр дундаа аялал жуулчлал өндөр хөгжсөн аймгуудын ШТС-уудыг бүтээгдэхүүнээр тасралтгүй, шуурхай хангах үүрэг чиглэлийг өгчээ.
Засгийн газраас Шатахуун хадгалах савны багтаамжийг 150 мянган м³-ээр нэмнэ. Энэ жил төсөл хэрэгжүүлэгч компаниуд нийт 291 мянган м³ багтаамжтай савны ажлыг эхлүүлснээс, энэ ондоо багтаж 150 мянган м³ агуулах савыг ашиглалтад оруулахаар зорьж байна. Ирэх 8 дугаар сарын 1-нээс зарим шинэ агуулах, савны ашиглалтын нээлт хийгдэх бөгөөд ингэснээр ирэх сараас эхлэн манай улсын шатахуун хадгалах, нөөцлөх чадамж нэмэгдэнэ.
