Улсын Их Хурлын даргын энэ оны гуравдугаар сарын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, эрүүл мэндийн болон нийгмийн цогц тусламж, үйлчилгээг судлах ажлын хэсгээс “Ахмад настны чуулга уулзалт”-ыг бүсчлэн зохион байгуулж байна. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Л.Энхнасан нар ажиллаж байна.
Ажлын хэсгээс Төвийн бүсийн чуулга уулзалтыг өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу энэ сарын 04-05-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулсан бол Говийн бүсийн чуулга уулзалтыг өнөөдөр цахимаар явууллаа.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2025 оны эцсийн байдлаар 101,550 ахмад настан ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь нийт ахмад настны 24.6 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрөгч онд тэтгэвэр тогтоолгосон ажилтнуудын 30247 нь хууль тогтоомжид оруулсан өөрчлөлтийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгааг газрын дарга Ю.Отгонбилэг танилцуулав. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд улсын төсөвт 2022 онд 5.4 тэрбум төгрөг тусгагдаж байсан бол энэ 2026 онд 14.3 тэрбум төгрөг тусгагдаад байна. Үүнийг ахмад настны хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр санхүүгийн дэмжлэг олгох, ахмад мэргэжилтний болон Ахмадын холбооны зөвлөх үйлчилгээ, хүүхэд хамгаалах төслүүдэд зарцуулж буй юм. Нийгмийн халамжийн сангаас ахмад настнуудад халамжийн тэтгэвэр, байнгын асаргаатай ахмадыг асарч буй иргэний тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, хувийн асрамжийн зардал, хөнгөлөлт, тусламж, насны хишиг зэрэг төрөл хэлбэрийн халамжийг энэ онд нийт 588 644 ахмад настанд үзүүлж байгаа аж. 2025 оны эцсийн байдлаар идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээнд давхардсан тоогоор 65457 ахмад настан хамрагдаж, 1.2 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн сангаас зарцуулсан байна.
