Вьетнамд цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ


Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Вьетнам Улсын Морьт цагдаагийн хороонд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адуу 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр эх орондоо ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар захирамжаар нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд Вьетнам улсын талд санал тавьсны дагуу тус улсын Морьт цагдаагийн хороонд нэр төртэй үүрэг гүйцэтгэсэн 20 адууг Монгол Улсад буцаан бэлэглэж буй нь энэ юм.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан салбар дундын Ажлын хэсэг мал эмнэлэг, хорио цээрийн шинжилгээ, вакцинжуулалт болон экспорт, импортын зөвшөөрөл, баримт бичгийн бүрдүүлэлтийг хангаж, баяр наадмын өмнөхөн монгол адуугаа эх орондоо авчирлаа.

Вьетнам улсын Морьт цагдаагийн хороонд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчрав. Тээвэр ложистикийг Монголын талаас “Өндөр Зотол Ложистик” ХХК, Вьетнамын талаас “Golden Sun Logistics Services Co., Ltd” компани хариуцан зохион байгуулав.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *