Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой болон “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч оролцлоо.
Тус ёслолын жагсаалд ХХЕГ болон хилийн цэргийн бүх анги, тусгай салбарын алба хаагчдын төлөөлөл оролцсон бөгөөд жагсаалыг Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Мягмардорж командлан алхлаа. Монголчууд түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдрийг “Төрийн далбааны өдөр” болгон хуульчилж, Төрийн далбаагаа мандуулдаг болсон. Улмаар 2010 оноос эхлэн цэргийн хүндэтгэлийн жагсаал зохион байгуулж, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ.
