Үер, усны ослоос 88 хүнийг аюулгүй бүсэд гаргаснаас 35 нь хүүхэд байжээ


Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 39, объектын гал түймрийн 38 дуудлага иржэээ. Алба хаагчид 98 иргэний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 1,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Голын усны ослоор 1, гал түймэрт өртөж 2, өндрөөс унаж 1 иргэн амиа алдсаныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

​Баяр, амралтын өдрүүдийн нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 19.1%, аврах ажиллагааны дуудлага 38%, нийт дуудлага 28.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

НОБГ-ын Тэргүүн дэд дарга Д. Оюунбат “Хар усан тохойгоос Зайсангийн гүүр, Зайсангийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Тэрэлжийн гол, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна. Түүнчлэн алба хаагчид морь болон сурроноор эргүүл хийж байна. Мөн дроноор хянаж буй. Энэ өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын 242 алба хаагч, 64 автомашин, 10 мотопомптой, ГУББГ 19 алба хаагч найман автомашин, Ус сувгийн удирдах газрын 50 ажилтан 47 автомашинтай, нийт 311 алба хаагч, 119 техник, тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж хуудсыг 12350 иргэнд хүргэж, 1345 автомашиныг голын эргээс холдуулж сэрэмжлүүлэн ажиллалаа. 2026 оны долоодугаар сарын 10-18-ны өдрийн байдлаар нийт 64 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, голын уснаас таван иргэнийг аварсан. Мөн үер, усны ослоос аюулгүй бүсэд 88 хүнийг гаргасан юм. Үүний 35 нь хүүхэд байсан” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *