Монгол улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн гадаадад үйлдвэрлэж буй техник, тоног төхөөрөмж, багц байгууламжууд үйлдвэрийн талбайд бууж, угсралтын ажил эрчимтэй явж байна.
2 сарын өмнө Атмосферийн нэрлэгийн цамхгийг (CDU Column) үйлдвэрийн талбайд хүлээн авсан бол энэ удаад Энэтхэгт үйлдвэрлэсэн Вакум нэрлэгийн цамхаг (VDU Column) Арабын тэнгисийн Мумбайн боомтоос далайгаар тээвэрлэн БНХАУ-ын Тяньжин боомтод бууж, хүнд даацын ачааны машинаар Дорноговь аймаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн зүг хөдөлж байна.
Үйлдвэрийн хамгийн өндөр байгууламжууд болох дээрх хоёр цамхгийг өргөж угсрах ажилд 1250 тоннын даацтай кран ашиглах шаардлагатай бөгөөд энэхүү аварга механизмыг БНХАУ-ын Zoomlion Heavy Industry Science and Technology Co., Ltd. компанид захиалан үйлдвэрлүүлж, 42 хүнд даацын ачааны машинаар үйлдвэрийн талбай руу тээвэрлэх ажил эхэллээ.
