АНУ-ын Төрийн департамент “Визийн бонд” (Visa Bond) хөтөлбөрт Монгол Улсыг хамруулсан байна. Энэхүү журам нь 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд АНУ-ын B1/B2 буюу аялал, бизнесийн түр виз мэдүүлэгч Монгол Улсын иргэдэд хамаарч байна.
Шинэ журмаар визийн шаардлага хангасан гэж үзсэн зарим Монгол иргэн визээ авахаас өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний буцаан олгох барьцаа (визийн бонд) байршуулж болно. Барьцааны хэмжээг тогтоох эсэхийг тухайн виз мэдүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан консулын ажилтан шийдвэрлэнэ.
Барьцаа төлөх нь виз баталгаатай гэсэн үг биш
АНУ-ын Элчин сайдын яамны мэдээлснээр визийн бонд нь виз олголтыг орлох нөхцөл биш юм. Өөрөөр хэлбэл:
- визийн ярилцлага амжилттай болох,
- аяллын зорилгоо нотлох,
- АНУ-ын цагаачлалын хуулийн шаардлагыг хангах шаардлага хэвээр үлдэнэ. Барьцаа нь зөвхөн виз олгох шийдвэр гарсны дараах нэмэлт нөхцөл болно.
Барьцаа хэзээ буцаагдах вэ?
Хэрэв виз эзэмшигч:
- АНУ-д зөвшөөрөгдсөн хугацаандаа зорчсон,
- визийн нөхцөлөө зөрчөөгүй,
- хугацаандаа буцаж гарсан бол
байршуулсан барьцааг бүрэн буцаан олгоно. Харин визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчил гаргавал барьцаа буцаагдахгүй байх эрсдэлтэй.
“20 мянган доллар заавал төлнө” гэх мэдээлэл ташаа
Сүүлийн үед “Монгол иргэд АНУ-ын виз мэдүүлэхдээ 20,000 ам.долларын барьцаа төлнө” гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан. Гэвч Монгол Улсыг хамруулсан анхны журмын хүрээнд Элчин сайдын яам 15,000 ам.доллар хүртэлх барьцааны талаар мэдээлсэн байна.
Харин АНУ-ын визийн бондын хөтөлбөрийн цаашдын өөрчлөлтөөр зарим тохиолдолд 20,000 ам.доллар хүртэлх дээд хэмжээ яригдаж байгаа талаар мэдээллүүд гарсан ч Монгол иргэн бүр автоматаар 20,000 доллар төлнө гэсэн үг биш юм.
Иргэдэд өгөх анхааруулга
АНУ-ын Элчин сайдын яам:
- консулын ажилтнаас албан ёсны заавар авахаас өмнө ямар нэгэн төлбөр хийхгүй байх,
- гуравдагч этгээдийн цахим хуудсаар барьцаа төлөхгүй байхыг анхааруулжээ.
