Японы долоон гишүүнтэй “Psychic Fever” хамтлаг хөгжмөөрөө улс орон, соёлын хил хязгаарыг даван холбохыг зорьдог тухайгаа Их Британийн Лондон хотод Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Хамтлагийн хамгийн сүүлийн “Different” цомог нь афробит болон R&B урсгалыг хослуулсан бөгөөд аяллынхаа туршлагаас санаа авч, англи болон япон хэлээр бүтээсэн дуугуудаараа олон улсын сонсогчдод хүрэхийг зорьжээ.
“Psychic Fever” хамтлаг “Temperature”, “Just Like Dat” зэрэг дуугаараа олон улсад танигдсан бөгөөд “Just Like Dat” дуу нь TikTok-т цахим тренд болж, бүжгийн сорилтыг дэлгэрүүлсэн юм.
Тэд үүнээс хойш Азийн томоохон хөгжмийн наадмуудад оролцож, АНУ-ын зургаан хотыг хамарсан аялан тоглолтоо хийжээ. Харин наймдугаар сарын 2-нд Лондон хотод болсон фенүүдтэйгээ уулзах арга хэмжээнд 100 орчим хүн оролцсон байна.
Хамтлагийн гишүүн Жимми хэлэхдээ, “Psychic Fever”-ийн онцлог нь нэг гишүүнээ төвд тавьдаггүй, харин гишүүн бүр өөрийн гэсэн давуу талтай байдагт оршдог гэв.
“Олон хамтлаг гол дуучин эсвэл төв гишүүнтэй байдаг. Харин манай хамтлагт хүн бүр өөрийн давуу талтай. Тэр бүхнийг нэгтгэхэд бид юу ч хийж чадна гэж боддог” хэмээн тэр ярьжээ.
Хамтлагийн гишүүн Кокоро Кохацү ирээдүйд Billboard Global жагсаалтыг тэргүүлж, Лондонгийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэн зэрэг томоохон тайзуудад тоглолт хийхийг мөрөөддөгөө хэлсэн байна.
Алдар нэр өсөн нэмэгдэж буй үед хэрхэн даруу байдлаа хадгалдаг талаар асуухад Жимми:
“Хэчнээн алдартай болсон ч бид даруу байж, хийх ёстой ажлаа л хийх хэрэгтэй. Энэ бол Японы соёлд гүн шингэсэн үнэт зүйл” хэмээн онцолжээ.
