“Райд Монголиа” компанийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын галыг энэ сарын 8-нд асаалаа. Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Удахгүй ашиглалтад оруулах энэ станц цахилгаан, дулааны чадлын дутагдлыг нөхөхөд хувь нэмэр оруулах, хараат байдлыг багасгахад нөлөөтэй. Төсөлд гар бие оролцож буй хүн бүхэнд баяр хүргэе” хэмээв.
Тус бүр 35 МВт турбингенератортай хоёр блок зуухтай энэ станцад жилд 489.2 сая кВт\ц цахилгаан үйлдвэрлэн, 440.2 сая кВт\ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээх юм байна. 2024 оны 5 дугаар сарын 1-нд эхлүүлсэн энэ станцын барилгыг 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг ДЦС-ын барилгыг Камбож улсын МITIME групп түлхүүр гардуулах нөхцөлтэй барьж байна. Станцад шинэ дэвшилтэт техник, технологи суурилуулахыг зорьж буй аж. Энэ хүрээнд буулгаж, угсардаг, байгальд ээлтэй карбон янданг Монголд анх удаа ашиглах юм.
