Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Дэлхийн банк группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Дэлмон, Олон улсын санхүүгийн корпорацын Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц, байгалийн нөөцийн салбар хариуцсан менежер Кэтрин Ко зэрэг төлөөлөгчид оролцлоо. Уулзалтаар хамтран ажиллаж буй болоод цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар талууд санал солилцлоо.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Дэлхийн банк болон ОУСК нь Улаанбаатар хотын дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, хотын санхүүжилт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бидний найдвартай түнш байсаар ирсэн. Бид Улаанбаатарын хөгжлийг хотын эдийн засаг талаас нь харж шинэ төлөвлөлт хийж байна. Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн маш олон мега төсөл бий. Энэ төслүүдийн 93 хувийг төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Харин ердөө долоон хувь нь төсвийн бус эх үүсвэрээс санхүүжиж байгаа юм. Тэгэхээр энэ зарцуулалтуудыг иргэдийнхээ амьдралын чанарт эергээр нөлөөлөх байдлаар хэрхэн зөв зохион байгуулах вэ гэдэг төлөвлөлтүүдийг хийж байна. ОУВС-гийн оролцоотойгоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Бид иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хувийн хэвшлүүддээ илүү их боломж олгох шаардлагатай. Тухайлбал, хотын иргэдийн хүнсний хангамжтай холбоотойгоор хүнс үйлдвэрлэх, хадгалах агуулахуудыг бий болгох, логистикийг сайжруулах чиглэлээр хувийн хэвшлүүдээ дэмжиж ажиллана” гэлээ.

Дэлхийн банк группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Дэлмон “Дэлхийн банк группийн зүгээс Монгол Улстай олон жилийн турш хамтран ажиллаж ирлээ. 2024 онд ОУСК-аар дамжуулан нийслэлтэй анх удаа бондын санхүүжилтийн чиглэлээр хамтран ажилласан. Бидний хувьд одоо хэрэгжүүлж буй төслүүдийн явц болоод цаашид хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар ярилцах сонирхолтой байна. Манай баг үерийн эрсдэлийн менежмент, үерийн хамгаалалтын төслийн талаар удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон боломжит хувилбаруудын судалгаа дууссан. Энэ ажлыг дараагийн шатанд хэрхэн шилжүүлэх, цаашид ямар хэлбэрээр дэмжлэг үзүүлэх боломжийг судалъя. Уур амьсгалын чиглэлээр ажилладаг манай мэргэжилтнүүд танай багтай агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа” гэв.

