“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийт 158 га талбайд Сэлбэ дэд төв төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн өнөөгийн төлөвлөлтийн талаар өчигдөр энэ салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын архитекторуудын эвлэл, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, ШУТИС, МУИС-ийн эрдэмтэн, багш нарын төлөөлөл оролцож, төслийн төлөвлөлттэй танилцан, санал бодлоо солилцов.
Зөвлөлдөх уулзалтад оролцогсдод “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар төслийн ерөнхий явцыг, ахлах архитектор Ч.Баярсайхан ерөнхий төлөвлөлт, зураг төслийн шийдлүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн хот төлөвлөлтөд газарзүйн мэдээллийн систем (GIS) болон барилгын мэдээллийн загварчлал (BIM) зэрэг олон улсын дэвшилтэт технологийг хэрхэн ашиглаж буй талаар мэргэжлийн түвшинд зөвлөлдөж, саналыг нь сонссон юм.
Арга хэмжээний гол зорилго нь Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг мэргэжлийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмж, шүүмжид үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэй, стандартын дагуу нарийвчлан төлөвлөж хэрэгжүүлэх байв.
