Боловсролын яам сургалтын байгууллагын барилгыг будсан будаг, барилгад ашигласан бусад материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан байхад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд өчигдөр /2026.08.12/ “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ашигласан будаг, барилгын материалыг шинжлүүлэх ажлыг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтад аймаг, нийслэлийн боловсролын хяналтын улсын байцаагчид болон холбогдох албаны 50 гаруй албан хаагч хамрагдав.
Энэхүү цогц арга хэмжээний хүрээнд “Аюулгүй орчин-Чанартай барилга” хэлэлцүүлгийг 07 дугаар сард зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Багш ажилтнууд, суралцагчдын эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд байх ёстой. 3 сайдын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу ажлаа гүйцэтгээгүй барилгын компани, хяналт тавиагүй захирал, эрхлэгч нарт хариуцлага тооцно” гэж сануулсан юм.
