Хар салхи 300 орчим байшин эвджээ


Францын баруун өмнөд хэсгийн Од (Aude) мужийн Пома тосгоныг 8 дугаар сарын 24-ний орой хар салхи дайрч, 300 орчим байшин эвдэн сүйтгэж, 39 хүн гэмтээжээ. Гэмтсэн хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа талаар орон нутгийн эрх баригчид мэдээлэв.

Энд хар салхи ховор тохиолддог. Хар салхи маш богино хугацаанд тосгоныг дайран өнгөрөхдөө байшингуудын дээврийг хуулж, цонх хагалан, машин болон моддыг шидэж, олон барилга, байгууламжийг их хэмжээгээр сүйтгэсэн байна. “Reuters”-ийн мэдээлснээр Пома тосгонд нийтдээ 500 орчим айлын байшин байдаг. Тэдгээрийн 300 орчим нь эвдэрчээ. Үүнээс 100 орчим байшин дахин хүн амьдрахад аюулгүй эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

Тосгоны бүх иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Аюулгүй байдлын шалгалт хийхийн тулд Пома тосгоны бүх оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Аврах болон гамшгийн дараах цэвэрлэгээний ажилд онцгой байдлын 120 гаруй ажилтан оролцжээ.

Хар салхины дараа орон нутгийн зам, цахилгаан хангамжид мөн хүндрэл үүссэн байна. Мягмар гарагийн өглөө Францын өмнөд хэсэгт 21 мянга орчим айл цахилгаангүй болов. Үүний 1600 орчим нь Од мужид байжээ.

Пома тосгоны оршин суугчид байгалийн гамшиг хэдхэн минутын дотор асар их сүйрэл дагуулсан талаар ярьжээ.

Халууны давалгааны дараа хүчтэй аадар бороо оржээ

Францын өмнөд хэсгийг хамарсан хүчтэй халууны давалгаа намжиж, аадар бороо, хүчтэй аянга цахилгаантай цаг агаарт шилжиж байх үед Энэхүү хар салхи болсон байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Лоран Нүньес Пома тосгонд “ховор эрчимтэй” хар салхи болсон гэж мэдээлжээ.

Францад жил бүр хэдэн арван хар салхи бүртгэгддэг. Ихэнх нь АНУ-д тохиолддог хар салхитай харьцуулахад харьцангуй сул байдаг. Тиймээс Пома тосгонд гарсан шиг өргөн хүрээний сүйрэл дагуулсан хар салхи нь Францын хувьд ховор үзэгдэлд тооцогдож байна.

Одоогоор хүний амь нас хохирсон талаар мэдээлээгүй. Аврах албаныхан гэмтсэн барилга, байгууламжуудыг шалгаж, оршин суугчдыг аюулгүй бүсэд байлгах арга хэмжээ авч байна. Тосгоны иргэдийн хувьд гэр орон, эд хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоох, дахин сэргээн босголтын ажил хамгийн том сорилт болж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *