Балба, Төвөдийн хил орчимд 8 дугаар сарын 26-нд уулнаас асар хүчтэй үер буужээ. Үүний улмаас хөрс, мөсөн гол, мөнх цас нурж, замдаа таарсан олон зуун хүнийг гэмтээн, олон зуун хүний аминд хүрлээ. Балбын цагдаагийн байгууллагын мэдээллээр одоогоор 157 хүний цогцсыг олж, хэн болохыг нь тогтоогоод байгаа аж. Төвөдийн талд 3 хүн амиа алджээ.
Гамшиг Балба улсын Расува дүүрэгт, Гималайн уулархаг бүсээс эхэлсэн байна. Асар их хэмжээний мөс, чулуу, шавар уулын голын хөндий рүү нурж, голын усыг огцом нэмэгдүүлжээ. Хэдхэн минутын дотор үерийн ус доод хэсгийн суурин, зам, гүүр болон бусад байгууламжийг хамарчээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр уг гамшгийн шалтгаан нь мөсөн голын доод хэсэг нурж, мөс, чулууны асар том нуранги үүссэнтэй холбоотой байж болзошгүй байна. Анхны мэдээллээр үүнд газар хөдлөлт нөлөөлсөн байж магадгүй гэж үзэж байсан аж. Гол шалтгааныг мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байна.
Үерийн гамшигт гадаадын жуулчид, мөргөлчид олноороо өртсөн байна. Балбын аялал жуулчлалын байгууллагын мэдээллээр 400 гаруй хүн сураггүй болсны дотор Энэтхэг, АНУ, Австрали, Их Британи, Канад зэрэг улсын иргэд байгаа аж. Зарим нь Кайлаш ууланд мөргөхөөр явсан хүмүүс байжээ.

Хятад улсын Төвөдийн Гиронг тойрогт үер, нурангийн улмаас 3 хүн амиа алдаж, 265 хүн сураггүй болсон талаар Хятадын төрийн хэвлэл мэдээлсэн байна. Хилийн боомт орчимд үерийн ус, шавар, чулууны урсгал хэд хэдэн барилга, автомашин болон бусад дэд бүтцийг сүйтгэжээ.
Балбын цэрэг, цагдаа, аврах албаныхан сураггүй болсон хүмүүсийг эрэн хайж, гамшгийн бүсээс иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байна. Гэвч зам, гүүр эвдэрсэн, уулын бүсэд цаг агаарын нөхцөл хүнд байгаа нь аврах ажиллагаанд саад болж байна. НҮБ болон хөрш орнууд Балба, Төвөдөд тусламж үзүүлэхээр ажиллаж эхэлжээ.


