“Мета” компанид холбогдох шүүхийн маргаан 17.1 тэрбум ам.долларын эвлэрлээр шийдэгдэж байна. АНУ-ын холбооны шүүх хүүхэд, өсвөр үеийнхний цахим аюулгүй байдалтай холбоотой хэрэгт “Мета платформ” компанийг холбогдуулан, яллаж байгаа юм. Энэ хэрэгт талууд 17.1 тэрбум ам.доллар хүртэлх төлбөр төлөх, хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах чиглэлээр “Фэйсбүүк”, “Инстаграм” платформд өргөн хүрээтэй өөрчлөлт хийх нөхцөлтэйгөөр эвлэрчээ.
“Мета” компани “Фэйсбүүк”, “Инстаграм” платформыг хүүхэд, өсвөр үеийнхэнд удаан хугацаагаар ашиглуулах, донтох шинжтэй хэрэглээ бий болгох байдлаар зохион байгуулсан. Улмаар тэдний эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийн талаар хэрэглэгч, эцэг эх, олон нийтэд хангалттай мэдээлээгүй” хэмээн АНУ-ын мужуудын ерөнхий прокурорууд “Мета”-г шүүхэд өгсөн юм.
Хэргийг Калифорнийн хойд дүүргийн АНУ-ын дүүргийн шүүхэд 2026 оны 8 дугаар сарын 18-наас эхлэн хэлэлцэж эхэлсэн. Шүүх хурлын явцад талууд тохиролцоонд хүрч, эвлэрлээ. .
Тохиролцооны хүрээнд “Мета” компани 10 жилийн хугацаанд 17.1 тэрбум ам.доллар хүртэлх төлбөр төлөхөө болов. Үүнээс гадна 18 хүртэлх насны хэрэглэгчдийн платформ ашиглах хугацааг хязгаарлах, шөнө хэрэглэхийг хориглох, эцэг эхийн хяналтыг нэмэгдүүлэх, насыг нь баталгаажуулах тогтолцоог сайжруулах, хараат бус аудитын хяналт нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ авахаар болжээ.
Гэхдээ уг 17.1 тэрбум ам.доллар нь шүүхээс “Мета” компанид ногдуулсан торгууль, эсвэл хохирол нөхөн төлүүлэх тухай шүүхийн эцсийн шийдвэр биш юм. Уг тохиролцоог АНУ-ын холбооны дүүргийн шүүх баталгаажуулж, зөвшөөрсөн шийдвэр гаргах учиртай. Үүний дараа эрх зүйн хүчин төгөлдөр шийдвэр болж, хэрэгжих юм.
