Ц.Идэрбат: Гадаадаас оруулж ирж байгаа баяжуулсан гурил стандартад нийцэхгүй, шаардлага хангахгүй тохиолдол илэрсэн


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат:

Улсын хэмжээнд 2026 онд хаврын тариалалтаар нийт 370 орчим мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 318 мянган га-д улаанбуудай, 13 орчим мянган га-д төмс, 14 орчим мянган га-д хүнсний ногоо, 90 орчим мянган га-д тосны ургамал, 94 орчим мянган га-д малын ногоон тэжээл тариалсан. Урьдчилсан тооцоогоор нийт 555.3 мянган тонн үр тариа хураан авах төлөвтэй байна. Үүнээс 497 орчим мянган тонн нь улаанбуудай. 168.2 мянган тонн төмс, 220 орчим мянган тонн хүнсний ногоо, 50 мянган тонн тосны ургамал, 201 мянган тонн малын тэжээл авах урьдчилсан баланс гарсан.

Энэ ургацын хэмжээнд үндэслээд ирэх онд Монгол Улс улаанбуудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой гэсэн сайн мэдээ байна. Харин хүнсний ногооны хэрэгцээнийхээ ойролцоогоор 70 хувийг дотоодын ургацаар хангах тооцоо гарсан. Өмнөх онтой харьцуулахад энэ жил ойролцоогоор 230 мянган тонн улаанбуудай илүү хураан авах боломж бүрдэж байна.

Ургац хураалтын ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор Ургацын комисс байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. 9 дүгээр сард тус комиссыг хуралдуулж, ургац хураалтад шаардлагатай хүн хүчний асуудлыг шийдвэрлэхээс гадна зарим бүс нутагт үүсэж болох эрчим хүчний асуудал, зам, гүүр, даваа, далан зэрэг дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Ингээд 9, 10 дугаар сард багтаан, ургацаа бүрэн хураах зорилт тавьж байна.

Хүн хүчний асуудал дээр Зэвсэгт хүчний Жанжин штаб бусад аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж байгаа. Мөн 9 дүгээр сарын 15-наас оюутнуудын хичээлийн шинэ жил эхлэхээр оюутнуудыг цалинтай ажиллуулах талаар сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна.

Засгийн газраас төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Ерөнхий сайдын зүгээс батлагдсан төсвөөс 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт гарсан тул үүнийг хэрхэн зарцуулах талаар төсвийн тодотголд тусгасан. Үүний дотор хүнсний хангамж болон стратегийн нөөц бүрдүүлэхтэй холбоотой 150 орчим тэрбум төгрөгийн саналыг оруулсан. Үүнд махны хангамжийн асуудал ч багтаж байгаа. Мөн дөрвөн төрлийн хүнсний ногооны стратегийн нөөц бүрдүүлэхэд анхаарч, шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгасан. Ерөнхийдөө хүнсний стратегийн нөөцөө бүрдүүлэх, үнийг тогтвортой түвшинд барих, ургацыг цаг хугацаанд нь хураан авч нөөц бүрдүүлэх ажлуудыг бэлтгэж байна. Баяжуулсан гурилын тухайд Монгол Улсад импортоор орж ирж байгаа баяжуулсан гурил стандартад нийцэж байгаа эсэхэд шинжилгээ хийж байгаа. Шинжилгээний хариу гарч эхэлсэн. Тодорхой үзүүлэлтээр стандартад нийцэхгүй, шаардлага хангахгүй тохиолдол илэрсэн. Тиймээс баяжуулсан гурилыг Монгол Улсад импортлохтой холбоотой импортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг түр зогсоож, хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *