Хятад улсад болсон Дэлхийн хүн дүрст роботын наадамд 100 метрийн зайд гүйсэн робот хүн төрөлхтний хамгийн хурдан тамирчдын нэг Усэйн Болтын дээд амжилтыг эвдлээ. Энэ нь хүн төрөлхтний анхаарлыг татаж, хүн ба машинд хурд бий болгодог механизм эрс өөр болохыг шинжээчид онцолж байна.
Хятадын “Тяньгун Ультра” хүн дүрст робот 100 метрийн зайг 8.64 секундэд туулж, Ямайкийн домогт гүйгч Усэйн Болтын 2009 онд тогтоосон 9.58 секундийн дээд амжилтыг давав. Гэхдээ роботын энэ амжилтыг хүнийхтэй шууд адилтгах боломжгүй. Энэ нь инженерчлэл, биомеханикийн хоёр өөр систем юм гэж “Ройтерс” агентлаг онцлов.
Усэйн Болт гараанаас гарахдаа огцом түлхэж, булчин, шөрмөс болон мэдрэлийн системийн уялдаа холбоогоор хурдаа нэмдэг. Харин робот цахилгаан хөдөлгүүр, зай хураагуур, программ хангамжийн нарийн удирдлагад тулгуурлан хөдөлдөг.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, “Тяньгун Ультра” робот хүнийхээс богино боловч илүү олон алхам хийж, 100 метрийг туулжээ. Робот цахилгаан хөдөлгүүртэй. Тэр нь хүний булчин шиг ядарч сульдахгүй. Тодорхой хугацаанд хүчээ харьцангуй тогтвортой гаргаж чаддагт роботын давуу тал оршиж байна. Харин Болт урт, хүчтэй алхам болон газрын түлхэх энергийг ашиглан, хурдаа бий болгодог.
Гэхдээ робот одоогоор машины бүх давуу байдлыг батлаагүй байна. Өндөр хурдтай гүйсний дараа робот чиглэлээ өөрчлөх, огцом зогсох, орчноо үнэлэх зэрэгт хүнээс сул хэвээр байгаа аж. Робот барианд орсны дараа хамгаалалтын хэсгийг мөргөж, унасан. Энэ нь роботын хөдөлгөөнийг хянах, шийдвэр гаргах чадварт шийдвэрлэх асуудал байгааг харуулжээ.
Энэ тэмцээнд “Болт” гэдэг нэртэй өөр нэг хүн дүрст робот оролцуулсан. Түүнийг тамирчин Усэйн Болтын нэрээр нэрлэжээ. Түүнийг бүтээсэн инженерүүд хүний гүйх биомеханикийг судалж, роботын хөдөлгөөнд ашиглахыг зорьжээ. Тухайлбал: Хүний хөл газарт хүрэх үед үүсдэг хүч, шөрмөсний хөдөлгөөн болон энергийг хадгалж, буцаан ашиглах механизмыг судалсан байна. Үүнд үндэслэн, роботын шагай, тавхайг зохион бүтээсэн байна. Ингэснээр газарт буух үеийн цохилтыг харьцангуй жигд хуваарилж, өндөр хурдтай гүйхэд зарцуулах эрчим хүчийг бууруулах боломжтой гэж инженерүүд үзэж байна.

Гэсэн ч хүний бие байгалийн хувьслын явцад хөгжсөн, маш нарийн “амьд машин” хэвээр байна. Хүн гүйж байхдаа орчноо харж, гэнэт саад тулгарвал чиглэлээ өөрчилж, хурдаа тохируулан, тэнцвэрээ сэргээж чаддаг. Харин робот хурд нэмэгдэхийн хэрээр мэдрэх, тооцох, шийдвэр гаргах болон механик эд ангиудын уялдаа улам хүндрэлтэй болдог байна.
Дэлхийн хүн дүрст роботын наадамд спортын болон бодит орчинд ажиллах чадвар шалгасан нийт 51 төрлийн тэмцээн багтсан. Энэ нь роботын хөгжлийг зөвхөн хурдны үзүүлэлтээр хэмжих боломжгүйг харуулжээ. Тэмцээнд агуулахын ажил, эд зүйл савлах, нарийн ажиллагаа гүйцэтгэх, кабель холбох зэрэг бодит амьдралын даалгавар ч багтсан байна.
Ийнхүү 100 метрийн зам дээр машин хүнээс хурдан болж эхэлсэн ч бодит амьдралын урьдчилан таамаглах боломжгүй орчинд хөдөлж, нөхцөл байдалд дасан зохицох чадвараараа хүн төрөлхтөн одоогоор илүү давуу хэвээр байна гэж “Ройтерс” агентлаг онцоллоо.

