12 өдрийн турш үргэлжилсэн СОР17 өнөөдөр (2026.08.28) сүүлийн хурлаа хийж байна. СОР17-ийн санхүүжилт, гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Төгсбаяр “Газар нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийн чиглэлээр 23 улсад хэрэгжих шинэ болон бэлтгэгдэж буй санхүүжилт COP17-ийн үеэр зарлагдсан. Үүний 644.5 сая ам.доллар нь шинэ санхүүжилт, 216.4 сая нь хэрэгжих шатандаа орсон.1.2 тэрбум ам.долларын 45 төсөл бүхий “Rangelands Flagship Initiative” нь бэлчээрийн чиглэлд COP-ын түүхэн дэх хамгийн том санхүүжилтийн багц болж зарлагдсан. Монгол Улсын хувьд малчид, бэлчээрийн асуудлыг дэлхийн санхүүжилтийн том сэдэв болгосон нь гол үр дүн юм.
250 сая ам.доллар хүртэлх ойн санхүүжилт GGGI-тай хамтарсан “Financing for Forests” хөтөлбөрөөр 2030 он хүртэл босгох зорилттой. Мөн GGGI Монгол Улстай Host Country Agreement байгуулж, Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх эрх зүйн сууриа тавилаа.
Монгол Улс манлайлан хэрэгжүүлэх төсөлд GEF-ээс 3.2 сая ам.доллар, 8 сая ам.долларын хамтарсан санхүүжилт буюу нийт 11.2 сая ам.долларын багц бүрдсэн. Бэлчээрийн тогтвортой менежмент, хөрөнгө оруулалт, бодлогын тогтолцоонд чиглэнэ. “Улаанбаатарын тунхаглал” батлагдсан. 30 гаруй хот, орон нутгийн удирдагч газар, ус, ган, уур амьсгалын асуудлыг хотын бодит ажил болгох чиглэлээр нэгдсэн. Улаанбаатарын санаачилгыг COP18 хүртэл туршиж, үр дүнг UNCCD-д тайлагнана.
COP17-ийн эцсийн шийдвэрүүд өнөөдөр батлагдаж байна. Наймдугаар сарын 28-ны хаалтын хуралдаанаар ган, стратегийн хүрээ, төсөв болон бусад шийдвэр, COP17-ийн нэгдсэн тайланг эцэслэн батална” гэж цахим хуудсаараа мэдээллээ.
