Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Сюаньвэй хотын Ничжу голын хавцлын тосгоны хүүхдүүд шинэ хичээлийн жилээ ер бусын замаар сургуульдаа зорчиж эхэлжээ.
Ничжу голын тосгоны сурагчид өмнө нь хавцлын ёроолоос уулын орой дахь Гуаньжай тосгоны бага сургуульд хүрэхийн тулд эгц уулын замаар авирдаг байсан бөгөөд нэг талдаа ойролцоогоор гурван цаг зарцуулдаг байжээ. Харин шинэ зам ашиглалтад орсноор энэ хугацаа 30 орчим минут болж буурсан байна.
Тус тосгон болон сургууль нь 500 гаруй метрийн босоо өндөртэй хавцлаар тусгаарлагддаг аж.
Сурагчдын шинэ маршрут нь аялал жуулчлалын зориулалттай тээврийн хэрэгсэл, хад асганд байгуулсан цахилгаан шат болон өндөрлөгийн кабель замыг хослуулсан байна.
268 метрийн өндөртэй Чинюнь цахилгаан шат болон кабель замыг 2022 онд ашиглалтад оруулж, нутгийн оршин суугчид болон сурагчдад үнэ төлбөргүй үйлчлэх болсон байна.
Харин энэ оны долдугаар сарын 31-нд 288 метрийн өндөртэй Фүяо цахилгаан шат албан ёсоор ашиглалтад оржээ. Ингэснээр хавцлын хоёр цахилгаан шат зэрэг ажиллах боломжтой болж, цагт 1,200 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай болсон байна. Сурагчдад хичээлдээ зорчих үедээ ашиглах тусгай давуу эрхийн суваг гаргажээ.
Энэхүү өвөрмөц тээврийн шийдэл нь нутгийн хүүхдүүдийн сургуульдаа хүрэх замыг эрс богиносгоод зогсохгүй, эгц уулын замаар удаан хугацаанд зорчих шаардлагыг нь багасгаж байна.
Энэ үеэр Хятадад анх удаа аялж буй Францын wingsuit нисгэгч Лоик Тамбурелло ням гарагт Ничжу голын Их хавцалд бэлтгэл хийжээ. Тэрээр хавцлын цахилгаан шат болон тавцангийн цар хүрээ, өндөрт ихэд гайхсанаа хэлсэн байна.
Тэрбээр “Би өмнө нь цахилгаан шат харж байсан. Гэхдээ эндхийнх асар том, өндөр нь үнэхээр гайхалтай” хэмээн ярьжээ.
Ничжу голын хавцал дахь өндөрлөг тээврийн систем ийнхүү нутгийн хүүхдүүдийн хувьд аялал жуулчлалын байгууламж төдийгүй өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болж байна.
