Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) PISA олон улсын үнэлгээг гурван жил тутам зохион байгуулдаг. 2012–2022 оны хооронд олон улсын хэмжээнд уг үнэлгээгээр 15 настай сурагчдын унших чадвар, математик болон байгалийн ухааны хичээлийн амжилт мэдэгдэхүйц буурсан нь ажиглагдсан.
Харин энэ удаагийн PISA-2025 үнэлгээнд Дэлхийн 91 улсын 760 мянган сурагч оролцсон байна. Энэ нь тус үнэлгээний түүхэнд хамгийн олон улс хамрагдсан үзүүлэлт болж байна.
PISA-2025 үнэлгээ нь тооцоололд суурилсан асуудал шийдвэрлэх чадвар, сурагчдын хиймэл оюуны хэрэглээ зэрэг шинэ үзүүлэлтүүдийг нэмж оруулснаараа онцлогтой.
Манай улс энэ үнэлгээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа. Өнгөрсөн жил 15 настай 59.900 суралцагчийг төлөөлөн 191 сургуулийн 7146 сурагч уг үнэлгээнд оролцжээ. Тэдний үнэлгээг 9 дүгээр сарын 8-ны мягмар гарагт 15:30 цагаас танилцуулна.

