Шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штаб өнөөдрийн хурлаараа шатахуунгүй байгаа 17 суманд шатахуун шуурхай хүргэх, ачаалал нэмэгдэж байгаа аймгуудад анхаарал хандуулахаар боллоо.
9 дүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар Монгол Улсад орж ирсэн шатахууны хэмжээ:
- АИ92 – 16651 тонн,
- АИ98- 120 тонн,
- Дизель түлш- 46000 тонн,
- Онгоцны түлш-1790 тонн
Хөдөө, орон нутгийн 1 ШТС-д дунджаар 56 машин дугаарлаж байгаа аж. Тэгвэл доорх аймгуудад оочир хамгийн их байна.
- Булган- 98,
- Дорнод – 100,
- Дундговь – 90,
- Өмнөговь – 90,
- Сүхбаатар – 195
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт улсын хэмжээнд 30 сум шатахуунгүй байв. Тиймээс амралтын өдрүүдэд орон нутгуудыг шатахуунаар түлхүү хангажээ. Өнөөдөр өглөөний байдлаар 17 сумын ШТС-д бензин хараахан очоогүй байна.
Түүнчлэн ургац хурааж эхэлсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Увс зэрэг аймгийг бензин, дизель түлшээр таслахгүй байх үүргийг өглөө.
