Өөрийг нь огцруулахыг шаардсан 6 гишүүнд С.Мөнхчулуун ийм хариулт өглөө


Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулууныг огцруулахаар УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн, Г.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Р.Сэддорж, Н.Наранбаатар нар Р.Эрдэнэбүрэнгийн бланкан дээр гарын үсэг зурж, Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралд 2026.07.29-нд хандсан юм. Үүний дагуу ЗГХЭГ, Хяналт хэрэгжүүлэх газар тус аймагт шалгалт хийжээ.

Энэ талаар С.Мөнхчулуун дарга ийн тайлбарлав.

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун:

1-рт, Төрийн сангийн даргаар ажиллаж байсан эмэгтэйг улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэх асуудал тавьсан. Төрийн сангийн даргыг аймгийн засаг дарга томилж, чөлөөлдөггүй. Энэ нь аймгийн ЗДТГ-ын даргын томилж, чөлөөлдөг албан тушаал юм.

Тухайн албан хаагч сумдын төсөвт тус бүр 10 сая төгрөг дур мэдэн нэмж тусгуулж, улмаар бэлнээр гаргуулан авч хувьдаа завшсан. Хоршоодын тайланг хянахдаа үйл ажиллагаагүй буюу “Х” тайлан гаргуулсны төлөө тус бүр 2 сая төгрөг авсан зэрэг олон асуудлаар ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлээр чөлөөлөгдсөн. Эдгээр асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа.

Энхтайваны асуудлыг мөн холбогдох байгууллагад шилжүүлсэн. Мөнгө өгсөн, авсан хүмүүс нь үйлдлээ мэдүүлгээрээ нотолж, хамтдаа шалгагдаж байгаа нь үнэн. Нэг хүний үйлдлийн улмаас олон төрийн албан хаагч шалгалтад татагдаж, хөлдөө чирэгдээд байна. Эцсийн шийдвэрийг хууль хяналтын байгууллага гаргана.

2-рт, халаалтын зуухны доголдолтой холбоотойгоор хоёр иргэн гомдол гаргасан. Аймгийн зүгээс тендер зарлаж, халаалтын зуухнуудыг шинэчилсэн. Өвлийн улиралд зарим зууханд доголдол гарсан бөгөөд тухай бүрд нь зассан.

Тендерт шалгарсан компанийн гэрээгээр хүлээсэн баталгаат хугацаа өнөөдөр хүчинтэй үргэлжилж байна. Энэ хугацаанд гарсан гэмтэл, эвдрэлийг засах, шаардлагатай тоног төхөөрөмжийг солих үүргийг гүйцэтгэгч компани хүлээнэ. Үүргийнхээ хүрээнд тус компани 4 зуухыг шинээр сольж, 2 зуухыг засаж эхлээд байна.

Баталгаат хугацаа үргэлжилж, компани засах, солих үүргээ хэрэгжүүлж байгаа нөхцөлд гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн хууль хяналтын байгууллагад шилжүүлэх боломжгүй. Харин гүйцэтгэгч баталгаат хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

Мөн аймгийн усны хатуулгаас шалтгаалан, зуухны труба битүүрч, хагарах доголдол гардаг. Иймд зуухыг засаж, солихын зэрэгцээ ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх технологийн шийдлийг хамтатган хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Сошиал орчинд аймгийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, асуудал удаа дараа нийтэлж байгаа Хүүхэнбаатарын Ганбаатартай холбоотой асуудлыг мөн баримтаар тайлбарлая. Түүний хамаарал бүхий компани 2023 онд аймагт малын тэжээл нийлүүлэх тендерт шалгарч, санхүүжилт авсан боловч гэрээнд заасан тэжээлээ нийлүүлэлгүй явсаар 2025 он хүрсэн. Иймд гэрээг цуцалж, аймгаас авсан мөнгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс тухайн компанид аймгаас авсан мөнгөө буцаан төлөх шийдвэр гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжээд байна.

Тендерт шалгарсан компани нь тухайн үед шинээр байгуулагдсан, өөрийн тэжээлийн үйлдвэргүй, гэрээгээр хүлээсэн нийлүүлэлтийг гүйцэтгэх бодит хүчин чадалгүй компани байсан. Өөрөөр хэлбэл, тэжээл үйлдвэрлэдэггүй атлаа аймагт тэжээл нийлүүлэх тендер авсан, цаасан дээрх компани байжээ.

Иргэн төрийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжлэх, гомдол гаргах эрхтэй. Харин аймгийн зүгээс хэн нэгэнтэй сошиалаар хэрэлдэх бус гэрээ, санхүүгийн баримт, шүүхийн шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллагуудын үнэлгээнд тулгуурлан хариулна.

Төсвийн хөрөнгийг буцаан төлүүлэх ажиллагаа нь хэн нэгнийг шүүмжилснийх нь төлөө хэрэгжүүлж байгаа арга хэмжээ биш. Энэ бол төрийн хөрөнгийг хамгаалах хуулиар хүлээсэн үүрэг юм.

Алдаа, доголдол гарсан бол нуухгүй, засаж залруулна. Хууль зөрчсөн асуудал байвал хэнээс ч үл хамааран шалгуулж, хариуцлага тооцуулна. Гэхдээ аймгийн нийт ажил, төрийн албан хаагчдын хичээл зүтгэл, гаргасан бодит үр дүнг цөөн хүний гомдол, улс төрийн зорилготой мэдээллээр үгүйсгэж болохгүй. Бид шүүмжлэлээс зугтахгүй. Баримтаар хариулж, иргэдийнхээ өмнө ажлаа нээлттэй тайлагнаж, эхлүүлсэн ажлуудаа үр дүнд хүргэхийн төлөө ажиллана.

Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүд хяналт тавих эрхтэй ч гүйцэтгэх засаглалын өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оролцож, орон нутгийн удирдлагын бүрэн эрхэд улс төрийн шахалт үзүүлэх эрхгүй. Ийм үйлдэл нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийн хуваарилалт, нутгийн өөрөө удирдах ёсны үндсэн зарчимд халдаж байна гэж үзэж байна.

Хэрэв Үндсэн хууль зөрчсөн ийм буруу жишиг тогтоох гэж байгаа бол улс төрд яваа хүний хувьд зүгээр хараад суухгүй. Хэн, ямар учраас, ямар ашиг сонирхлын үүднээс гарын үсэг зурсан, түүний цаана ямар асуудал байгааг баримттайгаар олон нийтэд нээлттэй хэлнэ. Төрийн ажлыг улс төрийн шахалт, хувийн ашиг сонирхлоор бус хууль болон бодит үр дүнгээр нь үнэлэх ёстой.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *