Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штаб өнөөдөр ээлжит хурлаа хийв. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв цаг үеийн холбогдох мэдээллүүдийг сонсон, тодорхой үүрэг чиглэл өглөө.
9 дүгээр сарын эхний долоо хоногт Монгол Улсын хилээр нийт 19.853 тонн АИ92 автобензин оруулж ирээд байна. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд вагоноос шатахуун буулгах, шилжүүлэн ачих явцыг эрчимжүүлэх, боомтуудын бэлэн байдлыг хангуулахыг үүрэгдэв.
Хөдөө, орон нутагт байрлах ШТС-уудад өдөрт дунджаар 54 машин шатахуун авахаар дугаарлаж байна.
Шатахууны оочир хамгийн их байгаа аймгууд, машины тоо:
- Баян-Өлгий 105 машин,
- Дорнод 85 машин,
- Дорноговь 90 машин,
- Завхан 85 машин,
- Өмнөговь 90 машин
Ачаалал их байгаа дээрх аймгуудад шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, бусад аймаг, сумыг шатахуунаар таслахгүй байхыг шуурхай штаб санууллаа. Газар тариалангийн бүс нутгуудад бензин, дизель түлшний хангамжийг эрчимжүүлж, нөөцийг нь нэмэгдүүлэх үүргийг шуурхай штабаас холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө.
