Т.Ням-Очир: Хот, хөдөөгийн сурагчдын ялгаа багассан нь ПИСА-2025 үнэлгээгээр харагдлаа


Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) PISA олон улсын үнэлгээг гурван жил тутам зохион байгуулдаг. 2012–2022 оны хооронд олон улсын хэмжээнд уг үнэлгээгээр 15 настай сурагчдын унших чадвар, математик болон байгалийн ухааны хичээлийн амжилт мэдэгдэхүйц буурсан нь ажиглагдсан.

Харин энэ удаагийн PISA-2025 үнэлгээнд Дэлхийн 91 улсын 760 мянган сурагч оролцов. Энэ нь тус үнэлгээний түүхэнд хамгийн олон улс хамрагдсан үзүүлэлт болж байна.

PISA-2025 үнэлгээ нь тооцоололд суурилсан асуудал шийдвэрлэх чадвар, сурагчдын хиймэл оюуны хэрэглээ зэрэг шинэ үзүүлэлтүүдийг нэмж оруулснаараа онцлогтой.

Манай улс энэ үнэлгээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа. Өнгөрсөн жил 15 настай 59.900 суралцагчийг төлөөлөн 191 сургуулийн 7146 сурагч уг үнэлгээнд оролцжээ. Тэдний үнэлгээг өнөөдөр 15:30 цагаас Франц улсын Парис хотоос Дэлхий даяар нэгэн зэрэг танилцууллаа.

Энэ удаа 4 үзүүлэлтийнхээ дунджаар Монгол улс 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Сорил тус бүрээр авч үзвэл:

  • Математик 419 оноотой 49 дүгээр байр
  • Байгалийн ухаан 424 оноотой 56 дугаар байр
  • Унших чадвар 374 оноотой 69 дүгээр байр

Сурагчдын гүйцэтгэлийн түвшин ПИСА үнэлгээгээр гүйцэтгэлийн хоёрдугаар түвшин буюу L2-г суурь түвшинд байна. Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ)-ын 4.1.1-д суралцагч бүр уг түвшинд хүрсэн байхыг чухалчилдаг. Манай улсын сурагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны сууриас дээш түвшинд гүйцэтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл таван суралцагчийн гурав нь энэ зорилтод хүрсэн байна. 2022 онд нийт суралцагчийн 50-64 хувь нь энэ түвшинд хүрэхгүй байсан юм.

2022 онтой харьцуулахад Монгол улсын 15 настай суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 12 оноогоор ахисан, мөн суурь түвшний буюу 2-р түвшний мэдлэг чадвар эзэмшээгүй суралцагчдын хувь 7-аар буурсан байна.

СУРАЛЦАГЧДЫН ГҮЙЦЭТГЭЛ ДЭХ ТЭГШ БАЙДАЛ

2022 оны үнэлгээтэй харьцуулахад нийслэл, аймгийн суралцагчдын гүйцэтгэлийн зөрүү буурсан байна. Ялангуяа байгалийн ухааны гүйцэтгэлийн зөрүү арилах хэмжээнд хүрчээ. Байгалийн ухаан, уншаад ойлгох чадвар болон математикаар охид хөвгүүдээс илүү гүйцэтгэлтэй байна. Нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр дээд 25 хувьд хамаарах бүлгийн сурацлагчдын гүйцэтгэл доод 25 хувьд хамаарах суралцагчдынхаас илүү байна.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Нийгэм эдийн засгийн үзүүлэлт суралцагчдын гүйцэтгэлд нөлөөлж байна. Боловсрол амжилт гаргахын тулд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болох эцэг эх асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй байна. Тэдний боловсролыг ахиулах хэрэгтэй байна.

БУСАД

Суралцагчдын сургуульд хандах хандлага сэтгэл ханамж 2022 онд 7.2 байсан бол 2025 онд 7.8 болж өссөн байна. Манай улсын хувьд ЭЗХАХБ-ын дундаж болон азийн дунджаас өндөр байна. Сургуулийн орчинд өөрийгөө аюулгүй хэмээн мэдэрдэг суралцагчид амьдралдаа сэтгэл хангалуун байх хандлагатай байна.

Суралцагчдын сониуч зан нэг нэгжээр нэмэгдэх тутам байгалийн ухааны гүйцэтгэл 11 оноогоор сайжирч байна.

Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир:

-Байгалийн ухааны хичээлээр шалгуулагчид 12 оноогоор ахижээ. Хамгийн өндөр ахиц гаргасан 10 орны 1 нь Монгол Улсын сурагчид байна. Монголын 15 настай сурагчид байгалийн ухааны хичээлээр илүү амжилтад хүрэх суурь тавигдсан байна. Монголын сурагчдын 48% нь нотолгоонд суурилсан үр дүнг эрэлхийлдэг гэсэн байна. Гэсэн ч баримт нотолгоонд тулгуурлан, үнэлэлт дүгнэлт өгөх чадварыг хөгжүүлэх хэрэгтэй байна.

2022 онд Монголын сурагчид уншаад ойлгох чадвар 378 оноотой байсан бол 2025 онд 374 оноо авсан байна. Дэлхий даяар сурагчдын уншаад ойлгох чадвар сул байна. Энэ чадварыг хөгжүүлэхэд улс орнууд анхаарах шаардлагатай байна. Нарийн, төвөгтэй мэдээлэлд төвлөрч ойлгох чадвар муу байна.

Математикийн хичээлээр 2022 онд 425 оноотой байсан бол 2025 онд 419 оноо авсан байна. Сурагчдын математик, уншаад ойлгох, байгалийн ухааны суурь ур чадварыг цаашид сайжруулах шаардлагатай байна.

2025 оны шалгалтад сурагчдын технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадварыг шалгасан. Энэ үзүүлэлтээр 91 орноос манай улс 51-д эрэмбэлэгдлээ. Хятад, Тайвань, Хонконгийн сурагчдын энэ ур чадварын гүйцэтгэл маш өндөр болсон байна.

2025 оны үнэлгээгээр Монгол Улсын сурагчид байгалийн ухааны чиглэлээр 2-р түвшинд хүрсэн байна. Хөвгүүдээс охид илүү сайн гүйцэтгэж байна. Өмнө нь ч ийм байсан. Амьжиргааны түвшин сайтай өрхийн хүүхдүүд илүү гүйцэтгэлтэй байна. Хот, хөдөөгийн ялгаа багассан. Нийслэл, аймгийн төв, сумын сурагчдын гүйцэтгэл ойртсон байна. Төрийн болон хувийн өмчийн сургуулийн сурагчид ялгаагүй, гүйцэтгэл адилхан байна.

Сургууль дээр охид аюулгүй байх мэдрэмж нь хөвгүүдээс доогуур байна. Сурагчид сургууль дээрээ аюулгүй байдлыг мэдрэх нь байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлд эергээр нэмэгддэг. Аюулгүй байдлын мэдрэмж 1 нэгжээр нэмэгдэхэд гүйцэтгэл 4 нэгжээр өсдөг юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *