Дэлхийн 42 улсад салбар, нэгжтэй, 100 гаруй орны төрийн болон санхүүгийн байгууллага, үндэсний баялгийн болон тэтгэврийн сан, хөрөнгө оруулагчдад үйлчилдэг “БлайкРок” компанийн төлөөлөгчид манай улсад иржээ. Тус компанийн Санхүүгийн зах зээлийн зөвлөгөө өгөх нэгжийн Олон улсын баялгийн сангийн зөвлөх үйлчилгээ хариуцсан гүйцэтгэх захирал Маттиас Вирволл тэднийг тэргүүлж яваа аж.
Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү өчигдөр уг төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүд, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчны шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон аж. Мөн Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй бизнесийн саад тотгорыг бууруулж, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд таатай орчин бүрдүүлэх зорилгыг танилцуулжээ. Монгол Улсад гадаадын болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, эрчим хүч, стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд олон улсын инститүцийн хөрөнгө оруулагчдын оролцоог өргөжүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцсан байна.

“БлайкРок” бол 15 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг, хөрөнгө оруулалтын менежмент, хөрөнгийн багцын удирдлага, эрсдэлийн удирдлага болон санхүүгийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн компани.
Монгол Улсын Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглал, үнэ цэнэ, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр “БлайкРок” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм. Засгийн газар 2026.07.01-нд 285 дугаар тогтоол гаргаж, “Чөлөөлье” үндэсний санаачилга хэрэгжүүлэхээр болсон. Уг санаачилгын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглал, бүтэц, зохион байгуулалтыг богино хугацаанд шинэчлэх аж. Үүнийгээ “Эрдэнэс Монгол” нэгдлээс эхэлж, тус нэгдлийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болгон өөрчлөөд байна. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяанд шинээр төрийн өмчит компани үүсгэн байгуулахгүй. Харин тус санг төрийн 100 хувийн эзэмшлийн компани болгож, төрийн өмчит бусад компанийн хувьцааны тодорхой хэсгийг тус санд төвлөрүүлнэ. Уг компанийг олон улсад нэр хүндтэй, хөрөнгө оруулалтын менежментийн компаниар удирдуулах юм.

Үүнийхээ дагуу ЗГ “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийг удирдах саналыг гадаадын 12 компанид тавьсан аж. Тэднээс “Франклин Темплетон”, “БлэкРок” компани уг саналыг хүлээн авчээ. “Франклин Темплетон” компанитай Засгийн газар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бол “БлэкРок”-той санамж бичиг байгуулах гэж байна.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн хариуцаж буй төслүүд:
- Дарханд босгох гангийн цогцолбор,
- Багануурт байгуулж эхлээд буй нүүрс-пиролизын үйлдвэр,
- Эрдэнэтэд байгуулах зэс боловсруулах үйлдвэр,
- Дундговьд барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр
- Тавантолгойд барих 450 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц,
- Дорноговьд орших Зөөвч-Овоо орд,
- Гадаргын ус хуримтлуулан ашиглах Хэрлэн-Тооно төсөл,
- Хойдбүргэд алтны үндсэн орд,
- Асгатын мөнгөний орд
