АН-аас Ерөнхий сайд Н.Учралыг гэр бүлийн хамаарал бүхий сургуулийнх нь асуудлаар АТГ-т шалгуулахаар өглөө.
Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх:
-Ард түмний хүүхдүүд өдрийн 3 ээлжээр хичээллэж, хуванцар сандал дээрээс ирээдүйгээ олж авахаар хичээж байхад Монгол Улсын Ерөнхий сайд ийм увайгүй үйлдэл хийж байгаад ичиж байна. Би өнөөдөр АТГ-т гомдол гаргахаар ирсэн.
“Эрүүгийн хуулийн 2.8.1-д Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан. Ерөнхий сайд Н.Учрал нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдэд 9.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн давуу байдал олгохоор төсөлд тусгасан байгаа нь Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзэн, энэ өргөдлийг бид гаргаж байна.
ЗГ-аас санаачилж өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Ерөнхий сайд Н.Учрал албан тушаал, эрх мэдлийн хувьд бүрэн хариуцах учиртай. Гэтэл Ерөнхий сайд Н.Учрал нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэхдээ өөрийн ээж болох Жамбалын Цэцэгмаагийн өмчлөлийн “Их засаг кингс” гэх сургууль болон бусад сургуульд 9.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн давуу байдал үүсгэхээр төсөлд тусгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэхээр байна.
“Сонгинохайрхан дүүргийн “Их засаг кинг” төрөлжсөн ахлах сургууль 640 хүүхдийн суудалтай. 1 хүүхдэд хувьсах зардал 5.5 сая төгрөг” гээд нийт 3 тэрбум 520 сая төгрөгийг энэ төсвийн тодотгол батлагдахаар өгөхөөр болчихсон байжээ. Энийгээ тохирчихсон, улсын төсөвт хийчихсэн, Сангийн яаманд хүлээлгээд өгчихсөн. Сангийн сайд З.Мэндсайхан гэдэг хүн энийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа байж, өчигдрөөс хойш булзааруулсан.
Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирыг өчигдөр байнгын хорооны хурал дээр сууж байхад нь Бум-Очир нарын гишүүд чихэнд нь ирж шивнээд, ахин асуулт асуугаад, Бум-Очир тэр Ням-Очирыг буруу, өөр агуулгаар яриа хийлгэсэн. Ийм ноцтой ноцтой үйлдэл өчигдөр Төрийн ордонд байнгын хорооны хуралдааны үеэр явагдсаныг УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны бүх хүн хараад, бүгдийг нь баримтжуулаад явж байсан.
Хуулийн этгээдийн улсын бүртгэл дээр “Их засаг” их сургууль байгаа. “Их засаг” их сургуулийн эцсийн өмчлөгч нь Намсрайн Ням-Осор, Ням-Осорын Ундрал, Ням-Осорын Учрал гээд 3 хүн байгаа. Түүний гэр бүлийн хүн болох Жамбалын Цэцэгмаа гэдэг нь ерөнхий боловсролын лицей сургууль эзэмшдэг. Энэ сургуулиараа дамжуулаад, 3.5 тэрбум төгрөг авахыг завдсан.
2018 онд “Хүннү” ХХК-иараа дамжуулаад, өнөөгийн Ерөнхий сайд Н.Учрал, түүний аав Намсрайн Ням-Осор Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 950 сая төгрөгийн зээл авч байсан баримт хэвлэлийн хуудсанд үлджээ. Энэ айл ам бүл 4-үүлээ. Энэ айлд дутаж гачаад байх юм байхгүй. Өчнөөн сургуультай. Оюутнуудаас жил бүр сая саяар нь төлбөр авдаг. Тэгсэн атлаа яагаад энэ айл Монголын төрийн тогоог өнгийж байгаа юм бэ? Тийм учраас Н.Учрал гуай та яг одоо Ерөнхий сайдын ажлаа өгөөд, АТГ-т шалгуулах ёстой.
