Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг өнөөдөр Монголын ард түмэн хүндэтгэж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хүсэлт, иргэдээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулахаар гаргасан өргөдөлд үндэслэн, шинээр илэрсэн нөхцөл байдлаар прокурорын байгууллага хэрэг үүсгэн шалгадаг.
Прокурорын байгууллага 1990 оноос хойш Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарах 24.907 хэрэгт хяналт тавьжээ. Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдсөн 2.779 хүнийг прокурорын тогтоолоор хэлмэгдсэнд тооцон цагаатгасан байна. Ял шийтгүүлсэн 24.592 хүнийг цагаатгуулахаар Улсын дээд шүүхэд эсэргүүцэл, дүгнэлт бичиж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах шийдвэр гаргуулжээ.
Сүүлийн 5 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн эсэхийг тогтоох зорилгоор 993 хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шалгах хэрэг үүсгэн хяналт тавьж, 243 хүнийг цагаатгажээ. Үүнээс улс төрийн хилс хэргээр баривчлагдан мөрдөгдсөн 169 хүнийг прокурорын тогтоолоор, ял шийтгүүлсэн 74 хүнийг Улсын дээд шүүхийн шийдвэрээр цагаатгуулсан байна.
